Төв цэвэрлэх байгууламжийн хорт хийнд хордсон таван хүний бие сайжирч байна гэв

Төв цэвэрлэх байгууламжид осол гарч, дөрвөн хүний амь эрсэдсэн харамсалтай хэрэг өчигдөр гарсан. Дээрх дуудлага Нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр /2019.04.16/ 15:47 цагт ирсэн аж. Албаныхны мэдээлснээр дуудлагын дагуу Аврах ангийн албан хаагчид түргэн шуурхай ажилласан бөгөөд албан үүргээ гүйцэтгэж байгаад хорт хийнд хордсон есөн ажилтны тавд нь авран туслах ажиллагаа явуулж, анхан шатны  тусламж үйлчилгээг үзүүлж, эмнэлгийн байгууллагад шилжүүлжээ. Харин амь үрэгдсэн дөрвөн хүний цогцсыг алдагдсан лагаас гарган авчээ. Уг осол Төв цэвэрлэх байгууламжийн лагийг сорох, шахах хоолойн насосны станцад гарсан байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн мэдээлснээр ослын газар ажилласан ажлын хэсгийнхэний урьдчилсан мэдээлснээр лаг шахах, сорох хоолойн носасыг орж нээх үед түүнд хуримтлагдсан хорт хийнээс болж дээрх ажилтнууд нас баржээ. 

Үлдсэн 5 хүний хувьд цэргийн эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь харьцангуй сайн байгаа, удахгүй энгийн тасаг руу шилжүүлэхээр болсон гэв. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалангаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан байна. Ажлын хэсгийн тухайд төв цэвэрлэх  байгууллагын үйл ажиллагааг хэвийн хэмжээнд орох хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах, хөдөлмөр хамгаалалт болон эрсдэлийн үнэлгээг хийж, мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор яаралтай хэрэгжүүлэх, талийгаачдын ар гэрийнхэнийг хүлээн авч уулзаж, тэдэнд нийслэлийн зүгээс бүх талын тусламж дэмжлэг үзүүлэх ажээ.