Ц.Элбэгдорж: Ё.Батбаяр гэдэг хүний яриаг үзэв. Хүний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэе гээд гүтгүүлээд байх уу

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг төрийн тэргүүний албаа хашиж байх үед Хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан Ё.Батбаяр өдгөө АНУ-д ажиллаж, амьдарч байгаа. Тэрбээр "Америкийн өнгө" нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллахын хажуугаар өөрийн www.mnworld.tv цахим хуудсаа хөтөлдөг.

Тэгвэл тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг болон түүний эргэн тойронд өрнөсөн үйл явдлын талаар 30 гаруй минутын нэвтрүүлэг хийснээ бүрэн эхээр нь тавьжээ. Энэ үеэр тэрбээр С.Зоригийн амийг хөнөөсөн тэр өдөр сэжигтэй хоёр этгээдийг хэргийн газраас гарч явахад нь машинаараа хүргэж өгсөн. Мөн энэ тухайгаа хууль хяналтын байгууллагынхан болон эл хэргийг шалгаж байсан хүмүүст хэлж байсан гэдгээ мэдэгдсэн. Ингэхдээ тэрбээр "С.Зоригийн амь насыг хөнөөсөн хоёр этгээдийг хэргийн газраас гарч явахад нь машинаараа хүргэж өгсөн. 2012 оны арваннэгдүгээр сарын сүүлчээр хамт ажилладаг байсан нэгэн залуугийн төрсөн өдөр болж уригдан очихдоо би С.Зоригийн хэргийн гэрч байж магадгүй гээд өөрт тохиолдсон зүйлээ ярьсан. Гэтэл 2013 оны 01 сарын 17-ны өдөр ЦЕГ-аас над руу залгаж хоёр сэжигтэнг хаана буулгаснаа зааж өгөхийг хүссэн.  Би өөрийн жолоочийн хамт 3-р хорооллын эцэст байрлах автобусны буудлын дэргэдэх газрыг зааж өгсөн. Мөн ЦЕГ-ын төв байранд очиж мэдүүлэг өгөхийг хүссэн. Цаг гаруй хугацаанд мэдүүлэг авсан. Цагдаа-ордон хоёр ойрхон учраас би жолоочоо явуулчихсан байсан. Тэндээс гараад 300 метр орчим яваад ордны зүүн хаалгаар ороход надаас мэдүүлэг авч байсан цагдаа Ерөнхийлөгчтэй уулзах гээд орох гэж зогсож байгаатай би таарсан. Надаас авсан мэдүүлгээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид танилцуулах гэж байсан болов уу гэж би таадаг. Тэр өдрөө Ерөнхийлөгч хаалттай чуулганыг зарласан. Ордонд байсан бүх сэтгүүлчийг ордноос гаргаж, утасны сүлжээ унагасан. Тэр хуралдаанаар ямар асуудал хөндөж ярьсныг би мэдэхгүй. Би "С.Зоригийн хэргийг хаасан байх" гэж таамагладаг" хэмээн ярьсан. Тэгвэл олны дунд гайхшрал, эргэлзээ төрүүлээд буй энэ асуудалд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хариу тайлбар өглөө. Тэрбээр "Ё.Батбаяр гэдэг хүний яриаг үзэв. С.Зоригийг хөнөөсөн хэргээр УИХ-д ярьж байгаагүй. Бас Америкт айлд толгой хорогдож явсан удаа надад үгүй. Хуулийг дээдлэх нь миний зарчим. Ийм хардлага гүжирдлэгийг яах ёстой вэ. Хүний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэе гээд гүтгүүлээд байх уу" гэжээ.