С.Амарсайхан дарга аа! Туулын бургасыг хядсан анхынхаа компанитай очиж танилцаач

2019 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр С.Амарсайхан хотын дарга болжээ. Өнөөдөр 2019 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гэвэл мань эрхэм ажлаа аваад бараг л хоёр сарын нүүр үзэж байгаа юм. Гэвч хотын дарга маань энэ хугцаанд дорвитой ажил хийж гийгүүлсэнгүй. Харин ч өөрийг нь тойрсон таагүй хэл амнаас нэр цэвэр авч гарах гэж хэрэндээ л зовов бололтой. Сэтгүүлчдийн өмнө нүүрээ улалзуулж, зарим үед зугтаж байгаа харагдсан. Харин саяхнаас ажилдаа овоо дадаж байгаа бололтой, нийслэлтэй танилцах аяллаа эхлүүлж... 

Тухайлбал, тэрбээр өнгөрсөн амралтын өдрүүдээр Богдхан ууланд гарсан түймэртэй биечлэн "танилцаж" зураг хөргөө татуулаад амжсан бол өчигдөр нийтийн тээврийн салбарынхантай уулзахын хажуугаар, нөөцийн мах хэрхэн яаж худалдаж байгааг харжээ. Бас болоогүй ээ, энэ үеэр "Бид махны үнийн асуудалд анхаарна" гээд хэзээ ч биелэхгүй худал амлалтаа өгчихсөн гэж байгаа. Улмаар түүний аялал үргэлжилж Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн "Дүнжингарав" салбарт очин иргэдийн нүдийг хужирласан бол үүнийхээ зав сиймхийгээр Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаатай танилцжээ. Үйл ажиллагаа гэдэг нь хот тохимжилтынхны техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг харж заримыг нь гараараа барьж үзсэн юм уу даа.

Тэгвэл хотын даргын хоттой танилцах аялал өнөөдөр ч үргэлжлэх нь. Тодруулбал, тэрбээр өнөөдөр Яармагт баригдаж байгаа "Хотын захиргааны шинэ цогцолбор"-ын барилыг ажлын явцтай танилцах ажээ. Улмаар ХУД-ийн 12, 13-р хороонд очиж түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа "Боржин зам" ХХК, "ЭСТО" ХХК, "Очирням" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцахын хажуугаар зарим шийдвэрүүдийг гаргана гэсэн сүртэй зар тараасан байна. Иймээс л хотынхоо эрхэм дарга даа Улаанбаатартай танилцах аяллынхаа хүрээнд өөрийнхөө ахын нэр дээр байдаг “Зүүнбаян Рефайнери” компанийн үйл ажиллагаатай ч бас танилцаач гэмээр байгаа юм. Учир нь хотын дарга анхынхаа компанитай танилцаж гэмээнэ Туул голын "амь"  болсон тэр сайхан бургасыг хэрхэн яаж хядсаныг нүдээрээ харж, сэтгэлээрээ мэдэрч магадгүй. Яагаад гэвэл өнгөрсөн баасан гарагт тус компанийхан хэвлэлийн хурал хийсэн юм. Энэ үеэрээ Туулын бургасыг хядаж буй “Зүүнбаян Рефайнери” компанийн удирдлага гэх нөхөд "Хэдхэн бургас тайрсныг ингэж улстөжүүлэхгүй. Энэ бол зохион байгуулалттай улс төр. Бид дээрээ том татаасгүй учраас л ингэж байгаа юм. Хэрэв том дарга нартай байсан бол байшингаа аль эрт бариад дуусчихсан байх байсан" гэхчлэн ярьж олон хүний дургүйцлийг хүргэсэн. "Зүүнбаян Рефайнери” компанийнхан Туул голын эрэгт хоёр га ч биш 5.6 га газрын бургасыг хядсан нь тодорхой болчихоод байхад л тус компанийн захирал гэх О.Сайнбаяр “Хэдхэн бургасыг улстөржүүллээ” хэмээн бухимдаж улмаар Богд Хан уулын дархан цаазат газрын захиргаа, Нийслэлийн байгаль орчны газрын зөвшөөрлөөр “Бургасыг нүүлгэн шилжүүлсэн. "Зүүнбаян Рефайнери” компани хотын даргатай ямар ч хамаагүй хэмээн мэлзэж байх жишээтэй. Уг нь ард түмэн тэнэг биш л дээ. Ийм ч учраас Туулын бургасыг хядаад байгаа энэ компани хотын даргатай хамааралтай гэдгийг аль эрт мэдчихсэн. Мөн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Пүрэвдорж нар УИХ-ын чуулганы танхимд энэ тухай ярьж холбоотой хүмүүст хариуцлага тооцохыг шаардаж л байсан. Гэвч худал хэзээд үнэнд гүйцэгддэг гэдгийн нотолгоо болж тус компанийнхныг дээрх мэдээллийг хийсний дараа албаны хүн “Зүүнбаян Рефайнери” компанийнхан худал мэдээлэл тараасан гэдгийг онцолж улмаар Богхан уулын Дархан цаазат газрын захиргаа, Нийслэлийн байгаль орчны газраас огтхон ч зөвшөөрөл авалгүйгээр хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байсан хэмээн баримтыг ил болгосон нь анхаарал татаад байгаа юм.

Иймээс С.Амарсайхан даргыг хоттой танилцах аяллынхаа хүрээнд  Туулын бургасыг хайр гамгүй хядсан анхынхаа компанийн үйл ажиллагаатай танилц. Ингэхдээ байгаль орчны мэргэжлийн хүмүүстэй очиж, ямар хэмжээний талбайд хэр хэмжээний бургас огтолсныг тогтоож, байгаль орчны хохирлыг гаргуул. Нөхөн төлбөрийг нь улсад тушаалга. Хэрэв тэгвэл таныг энэ компанитай хамааралгүй, хамгийн гол нь энэ Засаг дарга хуулийн хүрээнд ажиллаж чадах юм байна гэсэн итгэл найдварыг олон хүнд төрүүлье. Тэгж чадвал таныг том артай шахааны улстөрч биш гэдгийг зарим нь хүлээн зөвшөөрч магадгүй. Үнэндээ бол энэ л таны өөртөө цуглуулах хамгийн том оноо биз дээ.