Шуурхай мэдээ: Шадивлангийн зусланд 6 айлын байшин шатлаа

Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр хаврын хуурайшилттай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарах гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байгаа ажээ. Тухайлбал энэ сарын 13-ны өдөр өнгөрсөн амралтын өдөр Богд уулын Богинын аманд шар өвс шатаасны улмаас түймэр гарсан бол 14-нд  СБД-ийн 19-р хороо “Гоодойн ам”-д шар өвс шатаасны улмаас түймэр гарч, түймрийн улмаас 12 айлын байшин, 3 гэр шатаад байна. Тэгвэл дөнгөж сая Чингэлтэй дүүргийн 19-р хороо Шадивлан зусланд гарчээ. Онцгой байдлынханд ирсэн мэдээллээр шар өвс шатаасны улмаас түймэр гарлаа гэсэн дуудлага 12:00 цагт ирсэн байна. 

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 74, 34, 10, 63 дугаар анги болон нийслэлийн Аврах анги 105-ын нийт 57 алба хаагч, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Түймрийн улмаас 6 айлын зуслангийн байшин шатаж байсан бөгөөд галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Түүнчлэн Нийслэлийн Онцгой байдлын газарт он гарсаар зуслангийн чиглэлд болон гэр хорооллын иргэд хашааны өнжмөл шар өвсийг шатааж байгаад гал алдсан 30 удаагийн дуудлага иржээ.