Д.Эрдэнэбат: Бид С.Зориг агсны хэргийн захиалагчийг зарла гэж ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоос шаардсан

УИХ дахь АН-ын зөвлөл хуралдаж гурван асуудал хэлэлцжээ. Энэ талаараа дөнгөж сая мэдээлэл хийлээ. УИХ дахь АН-ын Зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатын мэдээлснээр энэ долоо хоногт УИХ-ын  чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдэд байр сууриа нэгтгэснээс гадна С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шалгах Түр хороо УИХ-аас байгуулахтай холбогдуулан Түр хороонд санал, дүгнэлт хүргүүлэхээр болжээ. Мөн цаг үеийн асуудалд цаашид зөвлөл юу хийх талаар ялангуяа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд ямар байр суурь баримтлах талаараа ярилцсан аж.

Энэ талаар Д.Эрдэнэбат, "2018 онд нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд ерөнхий дүгнэлтээ хийлээ. Нийт 136 арга хэмжээний биелэлт өнөөдрийн байдлаар 32.3-хан хувьтай байна. Эрх баригч намын бүрэн эрхийн хугацаа дуусахад  үндсэндээ жил хүрэхгүй хугацаа үлдлээ. 32.3 хувь гэдэг нь дэндүү хангалтгүй гэж үзэж байна. ялангуяа эдийн засгийн чиглэлийн асуудлуудад биелэлт маш хангалтгүй байна. Өнгөрсөн хугацаанд эрх баригч намын хийсэн гол ажил нь хоорондоо эрх мэдэл, сандал суудлын төлөө тэмцэлдлээ. Үүний цаана иргэдийн амьдрал, эдийн засгийн хөгжлийн асуудал зогсонги байдалд орж хохирсон нь үнэн. Эдийн засгийн өсөлт  байгаа  инфляцийн түвшин буурахгүй 10 хувь руу өсч байна. Бараа бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдсэн. Эдийн засгийн дарамт иргэдэд хүнд тусч байна. Хаврын чуулганаар эдийн засгийн нөхцөл байдлыг  голчлон ярих ёстой. Тиймээс эрх баригчдыг дуулиан, шуугиантай хэргүүдээ нэг тийш нь болгохыг шаардаж байна. Төрийн мөнгийг дээрэмдэж, банк дампууруулдаг, улсын үйлдвэрүүдээс завшдаг энэ үйлдлээ зогсоохыг эрх баригчдаас шаардаж байна. Үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ЖДҮ эрхлэгчид, жижиг бизнесүүдийн авч болох зээлээс эрх баригчид зохион байгуулалттай авсан  хэрэг нь өнөөдрийг хүртэл шийдэгдсэнгүй. Манай намын анхаарлын сэдэвт  энэ асуудал зайлшгүй байна.  Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбарууд зогсонги байдалд орсон байна. Уул уурхайн чиглэлийн том том төслүүд бүгд зогссон. 2018 оны зургадугаар сарын 29-нд УИХ-ын 73 дугаар тогтоол гэж  гарсан. Тавантолгойн нүүрсний ордны  үйл ажиллагааг эрчимжүүлэх энэ тогтоолын хэрэгжилт, явцыг 2018 оны намрын чуулганаар хэлэлцүүлэхээр заасан ч хэрэгжсэнгүй. IPO хийгдээгүй, хувьцаа хаана ч зарагдаагүй.. Мөн өнөөдөр төмөр замын асуудал нь шийдэгдээгүй. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замаа эхлээд барь гэж тогтоолд тусгасан, дарааллын хувьд. Өнөөдөр нүүрсний үнэ өндөр байгаа тулдаа л экспортын орлогын өсөлтөөр Монгол Улс амьдарч байна. Энэ мэтчилэн тулгамдсан зүйлээс том бүтээн байгуулалтын ажил зогссон.

Түүнчлэн С.Зориг агсны хэрэг дээр УИХ-аас түр хороо байгуулахыг АН-ын зөвлөл зарчмын хувьд дэмжиж байгаа. Гэхдээ санаа зовоож буй нэг асуудал бий.  Эрүүдэн шүүсэн гэх дуулианы ард С.Зориг агсны хэргийг замхруулах, будилуулах, завхруулах асуудлыг бид хүлээн зөвшөөрч чадахгүй. Энэ хэргийн захиалагчийг бид зайлшгүй олох шаардлагатай. Эрүүдэн шүүсэн гэдгээр бүх хэргийг замхруулах гэж байгаа бол АН-ын зөвлөл хүлээн зөвшөөрөхгүй. Тийм учраас санал дүгнэлт гаргаж, ажлын хэсэгт орсон гишүүдээрээ дамжуулж асуудлыг тавих болно. МАН-ын уламжлал болж ирсэн нэг тактик нь Эрдэнэтийг тойрсон, С.Зориг агсны хэргийг тойрсон асуудлаар дуулиан шуугиан үүсгэчхээд ардуур нь хулгайлдаг хэвшил нь уламжлал болж байна. Хуучин энэ дүр зураглал нь одоо ч гэсэн давтагдаж байна. С.Зориг агсны хэргийн захиалагчийг зарла гэж бид ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоос шаардсан"  гэсэн юм.

Түүнчлэн Үндсэн хууль тойрсон асуудал өнөөдөр маш эрчимтэй яригдаж байна. Өнөөдөр ганц эрх баригчтай, бүлэгтэй, сөрөг хүчингүй болсон.  УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах чадамжаа алдсан. Үндсэн хуулийн өөрчлөхөд нэг л шаардлага бий. Энэ нь УИХ-д суудалтай болон суудалгүй улс төрийн бүх  хүчин нэгдмэл саналтай, дээр нь Ерөнхийлөгчийн саналыг тусгаж Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх  ёстой гэдгийг эрх баригчдад сануулж байна. Сөрөг хүчингүй эрх баригч Үндсэн хуулийг өөрчлөхийн төлөө явбал бид эсрэг байр суурьтай байна гэдгээ мэдэгдэж байна гэв.