Монголбанкнаас өнөөдөр хэвлэлийн хурал хийж "Капитал" банкийг татан буулгах шийдвэр гаргаснаа албан ёсоор мэдэгдлээ. Мөн тус банкны үйл ажиллагааг буюу "Капитал" банкны эрх хүлээн авах ажиллагааг Монголбанкны Хяналт шалгалтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн захирал М.Адилбиш удирдахаар болжээ.

Албаныхны мэдээлснээр банкны чанаргүй зээлийн хэмжээ 208 тэрбум төгрөг байгаа нь банкны нийт зээлийн багцын 80 хувьтай тэнцэж байгаа аж. Түүнчлэн тус банкны хуримтлагдсан алдагдал өнөөдрийн байдлаар 380 тэрбум төгрөгт хүрчээ. Үүнээс гадна хадгаламжийн даатгалын корпораци иргэд, аж ахуйн нэгжийн 20 сая хүртэлх төгрөгийн хадгаламжийг ямар нэгэн хохиролгүйгээр олгох бөгөөд ингэхдээ ХААН банкаар дамжуулан олгох юм байна. 

Мөн "Капитал" банкны харилцагчид даатгалын нөхөн төлбөрийн тооцоолол, даатгалд үл хамаарах нөхцөлийн талаар 06.00-24.00 цагийн хооронд Хадгаламжийн даатгалын корпорацийн 11-370-000 лавлах утсаар холбогдон нэмэлт мэдээлэл авч болох ажээ.