Г.МАНДАХНАРАН “МОНГОЛИА ОПЕН”-Д ДОЛОО ДАХЬ УДААГАА АВАРГАЛЛАА

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны календарь багтдаг “Монголиа Опен” олон улсын “А” зэрэглэлийн тэмцээн энэ амралтын өдрүүдэд (IV.06-07) “Буянт-Ухаа” спортын ордонд боллоо. Ес дэх удаагийн тэмцээнд Монгол, ОХУ, БНХАУ, Япон, Казахстан, Украин, Сингапур, Йемень, Беларусь гэсэн есөн орны 300 гаруй тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд өрсөлдөв. 
Тэмцээнд ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, нэг мөнгө, гурван хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа, нэг мөнгө, хошой хүрэл медальт, гавьяат тамирчин О.Бурмаа, хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран, Э.Бэхбаяр, мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Өнөрбат, Б.Номин, ОУХМ Б.Одончимэг, Э.Сумъяа, хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга, Б.Шоовдор тэргүүтэй Монголын чөлөөт бөхийн шилдгүүдээс гадна “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт Эльмира Сыздыкова (Казахстан), ДАШТ-ий хүрэл медальт Владислав Андреев, Европын наадмын аварга Александр Богомоев, Европын аварга Валерия Чепсаракова тэргүүтэй олон шилдэг хүчитнүүд Улаанбаатарын дэвжээнд зодоглолоо. Монгол Улсын баг тамирчид нутгийн дэвжээн дээрээ 
“Монголиа Опен-2018” ОУТ-д Монгол Улсын баг тамирчид 16 алт, 11 мөнгө, 27 хүрэл медальтай багийн дүнгээр тэргүүлж, ОХУ хоёр алт, дөрвөн мөнгө, гурван хүрэл, Казахстан нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл, Япон алт, мөнгө, хүрэл медаль тус бүр нэгийг хүртсэнээр удааллаа. Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 61, 70, 79, 92, 125, эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 68, 76 кг-ын жингийн барилдаан боллоо. Сүүлийн өдрийн жингүүдийн тоймыг хүргэе.

Эрэгтэйчүүдийн 61 кг (26 бөх): 1. Александр Богомоев (ОХУ) 2. Владимир Кудрин (Казахстан) 3. Бямбадоржийн Хаш-Эрдэнэ, Цэвээнсүрэнгийн Цогбадрах (хоёул Монгол) 
Энэ жинд “Баку-2015” Европын анхдугаар наадмын аварга, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн хошой аварга, ОХУ-ын гурван удаагийн аварга, Буриадын шилдэг бөх Александр Богомоев Улаанбаатарын дэвжээнд сүүлийн хоёр жил дараалан түрүүллээ. Мөнгөн медалийг Казахстаны Владимир Кудрин хүртэв. “Алдар” спорт хорооны тамирчин Б.Хаш-Эрдэнэ, Ц.Цогбадрах нар якут эрчүүдийг ялж хүрэл медалийн эзэн болсон юм. Цэргийн дэлхийн аварга ОУХМ Б.Хаш-Эрдэнэ Семен Владимировыг 4:2-оор, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн хүрэл медальт ОУХМ Ц.Цогбадрах хоёр жилийн өмнө манайд ирж үзүүрлэж байсан Ньургун Александровыг 3:0-ээр ялснаар тус тэмцээний хошой хүрэл медальтан болов.


70 кг (20): 1. Ганзоригийн Мандахнаран (Монгол) 2. Иван Ефремов (ОХУ) 3. Энхтуяагийн Тэмүүлэн, Мэндбаярын Тэмүүжин (хоёул Монгол) 
ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Гуанжоу-2010” Азийн наадмын аварга, цэргийн дэлхийн аварга, гавьяат тамирчин Г.Мандахнаран “Монголиа Опен” ОУТ-д долоо дахь удаагаа түрүүлж, ховорхон амжилтын эзэн боллоо. Мандахаа гавьяат 2011-2016 онд зургаан жил дараалан тус тэмцээнд түрүүлсэн бол 2017 онд хагас шигшээд Буриадын Евгений Жербаевт, өнгөрсөн жил шигшээд мөн буриад залуу А.Будажаповт тус тус ялагдсан билээ. Тэгвэл энэ жил ОХУ-ын Иван Барашковыг, шөвгийн наймд залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Э.Тэмүүлэн, хагас шигшээд Азийн АШТ-ий хошой хүрэл медальт ОУХМ Б.Батмагнайг, шигшээ барилдаанд 2018 оны Динмухамед Кунаевын ОУТ-ий аварга Иван Ефремовыг ялан түрүүлж харих болоогүй гэдгээ нотоллоо. Хүрэл медалийг 14 хоногийн өмнө нь 23 хүртэлх насны Азийн АШТ-д урамтай сайхан барилдаж түрүүлсэн ОУХМ Э.Тэмүүлэн, 18 настай залуу тамирчин М.Тэмүүжин нар хүртэв. 
79 кг (18): 1. Айдар Балданбаев 2. Жигер Закиров (хоёул Казахстан) 3. Пүрэвжавын Өнөрбат, Амгаланбаатарын Бат-Эрдэнэ (хоёул Монгол) 
Энэ жинд Казахстаны хоёр залуу финалдаж, залуучуудын Азийн АШТ, Испанийн Гранпри, Польшийн нээлттэй тэмцээний хүрэл медальт Айдар Балданбаев түрүүлэв. Аварга болсон казах залуу Балданбаев өнгөрсөн жилийн “Монголиа Опен”-ны аварга, гавьяат тамирчин П.Өнөрбат, мөнгөн медальт Д.Төгс-Эрдэнэ, хүрэл медальт ОУХМ Г.Төрболд нарыг ялсан. Хүрэл медалийг “Лас-Вегас-2015” ДАШТ-ий мөнгөн медальт П.Өнөрбат, “Хангай хайрхан уул” дэвжээний тамирчин А.Бат-Эрдэнэ нар хүртэв. 
92 кг (7): 1. Чинбатын Алтангэрэл (Монгол) 2. Ньургун Сергин (ОХУ) 3. Мөнхбаатарын Цогтгэрэл (Монгол) 
Энэ жилийн Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн хүрэл медальт ОУХМ Б.Өлзийсайхан жиндээ орж чадаагүй. Роман Дмитриев, Борис Будаевын нэрэмжит залуучуудын ОУТ-ий медальт, спортын мастер Ч.Алтангэрэл шигшээд Тувагийн Ньургун Сергинийг оноогоор цэвэр ялж, “Монголиа Опен”-ы аварга боллоо. Хүрэл медалийг залуучуудын болон 23 хүртэлх насны Азийн АШТ-ий хүрэл медальт М.Цогтгэрэл хүртэв.
125 кг (9): 1. Нацагсүрэнгийн Золбоо 2. Мөнхтөрийн Лхагвагэрэл 3. Доржхандын Хүдэрбулга (бүгд Монгол), Балдан Цыжипов (ОХУ) 
Манай хүнд жингийн лидер, ОУХМ Н.Золбоо таван жилийн дараа тус тэмцээний гурав дахь түрүүгээ хүртэв. Тэрбээр 2015-2018 оны “Монголиа Опен”-д Буриадын Балдан Цыжиповт ялагдаад байсан. Тэгвэл энэ удаа хагас шигшээд түүнийг 3:2-оор ялж аваргалах замаа зассан юм. Шигшээ барилдаанд манай хүнд жингийн ирээдүй болсон ОУХМ М.Лхагвагэрэлийг туршлага заан 7:2-оор ялав. Хүрэл медалийг “Монголиа Опен”-д гадны бөхчүүдээс хамгийн олон удаа буюу дөрвөн удаа түрүүлсэн Б.Цыжипов, 2014 оны Азийн аварга ОУХМ Д.Хүдэрбулга нар хүртлээ.
Эмэгтэйчүүдийн 53 кг (7): 1. Батбаатарын Энхцэцэг 2. Бат-Очирын Болортуяа 3. Батхуягийн Эрдэнэсувд (бүгд Монгол) 
2018 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Б.Энхцэцэг “Монголиа Опен”-д хоёр дахиа (өнгөрсөн жил хүрэл медаль хүртсэн) хүч үзэж аварга боллоо. Тэрбээр шигшээ барилдаанд “Женко” клубийн тамирчин ОУХМ Б.Болортуяад нэг онооны зөрүүтэй хожигдож яваад цаг дуусахаас өмнө шийдсэн мэхээ хийж ялалт байгуулсан юм. Хүрэл медалийг өнгөрсөн жилийн өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, 18 настай тамирчин Б.Эрдэнэсувд хүртсэн. Тэрбээр медальтай үлдэх эсэхээ шийдэх барилдаанд “Хасу-Мегастарс” клубийн Ц.Цэнджавыг оноогоор цэвэр ялав.
57 кг (6): 1. Сүхээгийн Цэрэнчимэд 2. Болдсайханы Хонгорзул 3. Пүрэвийн Отгонбаяр (бүгд Монгол) 
ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд “Монголиа Опен”-д дөрөв дэх (2014, 2016, 2018, 2019 он) удаагаа түрүүллээ. Тэрбээр хэсгийн барилдаанд өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга, Баянхонгор аймгийн 18 настай тамирчин Б.Хонгорзулд 3:11-ээр ялагдсан. Шигшээ барилдаанд дахин таарахад С.Цэрэнчимэд гавьяат туршлага заан 7:1-ээр ялав. Хүрэл медалийг энэ жилийн 23 хүртэлх насны Азийн АШТ-ий хүрэл медальт “Женко” клубийн тамирчин П.Отгонбаяр хүртэв.
62 кг (5): 1. Энхбатын Гантуяа (Монгол) 2. Мен Ки (БНХАУ) 3. Өлзийсайханы Пүрэвсүрэн (Монгол)
Энэ жинд таван бөх тойргоор барилдахад “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Гантуяа дөрөв ялснаар “Монголиа Опен”-ы хошой аварга боллоо. Тэрбээр хоёр жилийн өмнө нь анхны түрүүгээ хүртэж байв. БНХАУ-ын тамирчин Мен Ки мөнгө, өсвөр үе болон 23 хүртэлх насны Азийн аварга Ө.Пүрэвсүрэн хүрэл медалийн эзэн боллоо.
68 кг (2): 1. Энхсайханы Дэлгэрмаа 2. Энх-Амарын Даваанасан (хоёул Монгол) 
Ердөө хоёр бөх барилдсан энэ жинд залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт “Хасу-Мегастарс” клубийн ОУХМ Э.Дэлгэрмаа, энэ жилийн Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн мөнгөн медальт, “Алдар” спорт хорооны тамирчин Э.Даваанасан нар хүч үзэж, Э.Дэлгэрмаа 6:3-аар ялж, “Монголиа Опен”-ий анхны медаль, түрүүгээ хүртэв. Өнгөрсөн жилээс энэ жинд барилдах болсон “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий хошой алт, нэг хүрэл медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг энэ удаагийн “Монголиа Опен”-ийг өнжсөн.
76 кг (8): 1. Очирбатын Бурмаа (Монгол) 2. Чандганцагаан (БНХАУ) 3. Эльмира Сыздыкова (Казахстан), Гилэгжамцын Наранчимэг (Монгол) 
Эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жинд үрийн зулай үнэрлээд дэвжээндээ эргэн ирээд буй, ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт, Азийн аварга О.Бурмаа “Монголиа Опен” ОУТ-д зургаан жилийн дараа хоёр дахь удаагаа түрүүлэв. Тэрбээр зүгээр ч нэг эргэн ирсэнгүй гурав барилдахдаа залуучуудын Азийн аварга ОУХМ Б.Цэцэгбаяр, “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт Казахстаны Эльмира Сыздыкова, 2016 оны Азийн АШТ-ий хүрэл медальт, Бакугийн "Алтан Гранпри"-гийн аварга, ӨМӨЗО-ны Чандганацагаан нарыг ялж алтан медаль хүртлээ.