М.Уранцэцэг Антальяд үзүүрлэлээ

Өчигдөр Туркийн Анталья хотноо олон улсын жүдо бөхийн холбооны ээлжит Гран При тэмцээн эхэлж, эхний өдөр манай тамирчид нэг мөнгөн медаль хүртлээ. Эхний өдөр манай 8 бөх хүч үзснээс ЦЕГ-ын “Хүч” спорт хороо, “G-Mobile” компаний тамирчин, Монгол улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий алт, мөнгөн медальт Мөнхбатын Уранцэцэг -52 кг-ын жинд үзүүрлэлээ. Тэрбээр эхний тойрогтоо Финландын Катри Какког вазари үнэлгээгээр, хоёрын даваандаа тэмцээний чансааг тэргүүлэгч Унгарын Река Пуппыг 1:09 минутад цэвэр, хэсгийн аваргын төлөө Азербайжаны Гултаж Маммадалиеваг 25 секундэд цэвэр яллаа. Улмаар хагас шигшээд Бразилийн Ларисса Пиментаг вазари үнэлгээгээр буулгаж авч, медалийн болзол хангасан. Харамсалтай нь аваргын төлөө ДАШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальтай Румыний Андреа Читутэй барилдаж, хоёр вазари үнэлгээ алдснаар ялагдал хүлээжээ. Түүнчлэн эрэгтэй тамирчдаас энэ өдөр Мастерс-ийн аварга ОУХМ Ганболдын Хэрлэн хүч үзэж хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр болсон. Гэвч тэрбээр хагас шигшээд энэ оны Парисын “Их дуулга”-ын аварга Молдавын Денис Вьерутэй барилдах үеэр бэртэл авснаар хүрэл медалийн төлөө Испаний Алберто Гэйтеро Мартинтай өөрийн үнэн хүчийг үзэж чадалгүй ялагдал хүлээлээ. Харин Казахстаны нэр дээр барилдаж буй Галбадрахын Отгонцэцэг -48 кг-ын жинд Косовогийн Дистрия Красничитэй аваргын төлөө хүч үзэж ялагдснаар мөнгөн медаль хүртлээ. Өнөөдөр тус тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн -73, -81, эмэгтэй -63, -70 кг-ын жингийн барилдаанууд явагдана. Одоогоор манай улс 1 мөнгөн медальтай нийт 75 улсаас долдугаар байрт эрэмблэгдэж байна. 

Хоёр дахь өдрийн тэмцээний хэсгийн барилдаануудыг доорх хаягаар шууд хүлээн авч үзнэ үү.