Ерөнхийлөгчийн зарлигаар Ерөнхий прокурорыг томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын ерөнхий прокуророор Банзрагчийн Жаргалсайханыг томилох зарлигийг өнөөдөр /2019.04.05/ гаргажээ. Түүний зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулж, Улсын ерөнхий прокуророор томилогдсон Б.Жаргалсайханд дөнгөж сая тамгыг нь гардуулж өглөө. Тэрбээр ийнхүү Прокурорын тухай хуулийн дагуу зургаан жил томилогдон, энэхүү үүрэгт албанд томилогдож буй юм. 

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын ерөнхий прокурорыг томилох саналыг зөвшилцөх  саналыг УИХ-д дөрөвдүгээр сарын 4-ний өдөр хүргүүлсэн бөгөөд  УИХ-ын өнөөдөр хэлэлцэж, чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 94.6 хувь нь Б.Жаргалсайханыг Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалд томилохыг дэмжсэн юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРТ НЭР ДЭВШИГЧ Б.ЖАРГАЛСАЙХАНЫ НАМТАР: 

  • 1988-1990 онд Өвөрхангай аймгийн, Прокурорын Газарт хяналтын прокурор,
  • 1990-1996 Тээврийн Прокурорын Газарт тээврийн прокурор,
  • 1996-2000 онд Өвөрхангай аймгийн Прокурорын Газарт прокурор,
  • 2009-2011 онд Улсын Ерөнхий Прокурорын Газарт хяналтын прокурор,
  • 2011-2014 онд Тээврийн Прокурорын Газар тээврийн прокурор,
  • 2014-2015 онд Улсын Ерөнхий Прокурорын Газарт хэлтсийн дарга,
  • 2017.01.07-2017.07.01 ХБАХТХэлтсийн дарга,
  • 2017-2018 онд Улсын Ерөнхий прокурорын туслах, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, хууль цаазын тэргүүн зөвлөхөөр ажиллаж байна.

Дашрамд мэдээлэхэд, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, прокурорын орлогч Г.Эрдэнэбат нарыг гуравдугаар сарын 28-ны өдөр огцруулах зарлиг гаргасан юм.