М.Уранцэцэг аваргын төлөө өрсөлдөнө

Өнөөдөр Туркийн Анаталья хотноо олон улсын жүдо бөхийн холбооны дэлхийн цуврал Гран При тэмцээн эхэллээ. Нийт 75 орны 297 эрэгтэй, 188 эмэгтэй жүдоч хүч үзэж буй тус тэмцээний эхний өдөр манай 8 бөх хүч үзснээс ЦЕГ-ын Хүч спорт хороо, “G-Mobile” компаний тамирчин, Монгол улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий алт, мөнгөн медальт Мөнхбатын Уранцэцэг аваргын төлөө шалгаран үлдлээ. Тэрбээр -52 кг-ын жинд эхний тойрогтоо Финландын Катри Какког вазари үнэлгээгээр, хоёрын даваандаа тэмцээний чансааг тэргүүлэгч Унгарын Река Пуппыг 1:09 минутад цэвэр, хэсгийн аваргын төлөө Азербайжаны Гултаж Маммадалиеваг 25 секундэд цэвэр яллаа. Улмаар хагас шигшээд Бразилийн Ларисса Пиментаг вазари үнэлгээгээр буулгаж авчээ. Одоо тэрбээр ДАШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальтай Румыний Андреа Читутэй барилдана. Түүнтэй хамт -52 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ Бишрэлтийн Хорлоодой Туркийн Дамла Калисканыг ялсн ч шилдэг наймд үлдхийн төлөө Лондонгийн олимпийн аварга Сара Менеземтэй барилдан хоёр вазари алдснаар үзэгчдийн суудалд шилжсэн байна.

Харин Урнаагийн үндсэн -48 кг-ын жинд энэ удаад Б.Ойдовчимэд, О.Дуламжав нарын залуус өрсөлдсөн ч эхний учраагаа барсангүй. Мөн -57 кг-ын жинд ОУХМ Б.Алтанцэцэг хүч үзсэн ч Болгарын бөхийг ялаад Зааны ясан эргийн жүдочид торгуулиар ялагдлаа.

Эрэгтэй тамирчдаас энэ өдөр Мастерс-ийн аварга ОУХМ Ганболдын Хэрлэн хүч үзэж хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр боллоо. Тэрбээр эхний даваандаа Словений Андраз Жеребийг 2:46 минутад цэвэр, хоёрдугаар тойрогт Италийн Маттео Пирасыг нэмэлт цагт торгуулиар, хэсгийн аваргын төлөө ОХУ-ын Абдула Абдулжалиловыг мөн нэмэлт цагт торгуулиар ялсан. Харамсалтай нь тэрбээр хагас шигшээд энэ оны Парисын “Их дуулга”-ын аварга Молдавын Денис Вьеруд хоёр вазари үнэлгээ алдан цэвэр ялагдснаар хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр боллоо. Одоо тэрбээр медалийн төлөө Испаний Алберто Гэйтеро Мартинтай хүч үзнэ. Энэ Испани залуу 1/8 шигшээд манай ОУХМ Довдонгийн Алтансүхтэй учраа таарч цэвэр ялжээ. Харин -60 кг-ын жинд ганцаараа өрсөлдсөн гавьяат тамирчин Ганбатын Болдбаатар Турк, Узбекистаны бөхчүүдийг ялсан ч хэсгийн аваргын төлөө Их Британы Эшли Макензи, торгуулийн тойрогт олимпийн хүрэл медальт Бразилийн Фелипе Китадайд ялагдлаа. Харин Казахстаны нэр дээр барилдаж буй Галбадрахын Отгонцэцэг -48 кг-ын жинд Косовогийн Дистрия Красничитэй аваргын төлөө хүч үзнэ.

 Тэмцээний медалийн төлөөх барилдаанууд Улаанбаатарын цагаар 22:00 цагаас SPS Тулаан сувгаар шууд дамжуулан хүргэнэ.