УИХ: Б.Жаргалсайханыг Ерөнхий прокуророор томилохыг гишүүдийн 94.6 хувь нь дэмжлээ

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж улмаар гишүүдийн 94.6 хувь нь дэмжлээ. Ингэснээр Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж баталгаажуулах юм. 

Хурлын үеэр хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Байнгын хорооны гишүүд нэр дэвшигчээс асуулт авч санал бодлоо илэрхийлсэн. Тухайлбал,  

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

-Таныг гайгүй ажиллачих байх гэж горьдож байна. Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шиг хууль хяналтын байгууллагыг зодуурын хэрэгсэл битгий болгоосой. Ц.Элбэгдорж хуулийн байгууллагыг зодуурын хэрэгсэл болгож, шинэ цагийн баячуудыг төрүүлсэн. Ерөнхийлөгчид хуулийн байгууллагыг улс төрийн зорилгоор ашиглаад байх юм. Би найм дахь Ерөнхий прокурорыг үзэж байна. П.Очирбат, Н.Энхбаяр, Н.Багабанди Ерөнхийлөгчийн үед хууль хяналтын байгууллага улс төрийнхнөөс хараат бус ажилладаг байсан юм шүү. 2013 онд Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдорж ялчихаад нүүрсний хэрэг  нээж, Н.Алтанхуягийг унагаж байсан. Ингэж хууль хяналтын байгууллагыг ашигладаг байсан.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

-Сүүлийн 10 гаруй жил бий болсон шударга бус байдал улс төрийн нөлөөллөөс эхлэлтэй. Анх удаа салбартаа 30 жил ажилласан хүн томилогдож байгаа учраас хариуцлагатай ажиллана гэж бодож байна. Прокурорын байгууллагыг улс төрөөс ангид байлгах ажлыг та хийх хэрэгтэй. Улстөрийн нөлөөгөөр хууль шүүхийн байгууллага хөдөлснөөр ямар сөрөг үр дагаварт хүргэдгийг бид сүүлийн 10 жил харлаа.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

-Энэ албан тушаалын нэр хүнд маш чухал. Өнөөдөр Монгол төрийн нэрийн өмнөөс яллах дүгнэлт үйлддэг, үүсээд байгаа түвэгтэй асуудлуудад хяналт тавьдаг эрх дархтай байгууллагын удирдлагаар та  очих гэж байна. Өнөөдөр эрүүдэн шүүх ажиллагаанд хяналт тавих гол үүрэг нь прокурорын байгууллага.  Өнөөдөр асуудал их гарч байгаа нь прокурорын байгууллагын алдаатай холбоотой. Та ажиллаа сайн хийхгүй л бол дараа нь цагдаа, тагнуул, прокурорын байгууллага руу хариуцлагаа чихдэг шүү. Үүний тод жишээ Ц.Нямдорж, энэ хүн хууль зүйн салбарт 20 гаруй жил ажилласан атлаа өнөөдөр гэнэт ухаан орж байгаа мэт ярьж эрүү шүүлтийг илрүүлж байгаа баатар болж тоглож байна.  Хууль зүйн салбарыг эрүү шүүлтийн талбар болгосон хүн нь шүү дээ.  Энэ нөхрийн цаад санаа нь юу юм, үүнд прокурорын байгууллага хяналт тавих ёстой. өнөөдөр эрүүдэн  шүүлтэд өртсөн олон хүн бий. Тэдний нэгээс нь ч уучлалт гуйсангүй.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Та бүхнийг томилсон хүмүүсээс болоод хийж байгаа ажил чинь буруу тийшээ явдаг. Төрд олон жил ажилласан учраас танд итгэж байна. Тиймээс хуулийнхаа дагуу ажиллах хэрэгтэй. Томилсон хүмүүстээ ч хуулийн дагуу ажиллана гэдэг зарчмаа ярих хэрэгтэй. Доод хүмүүсээ хуулийн дагуу ажиллуулах ёстой. Хуулийнхан ард иргэдэд хатуу чанга, эрхтэн дархтанд зөөлөн хандаад байдаг. Хуулийн нэг л заалтаар шийдвэрээ гаргаад асуудалд эрх тэгш хандах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Ажлаа УИХ-ын гишүүдээс эхлээрэй. Гурван жилийн турш бид гэмт хэрэг ярьсан. Гэмт хэргийг илрүүлсэн, нотолсон. Үүнийг цэгцэлж гаргаж ирмээр байна. Хууль зүйн сайдыг таван гэмт хэрэгт шалгаж байгаа гэсэн түүнийг олон нийтэд ил болго. Х.Аюурсайхан гишүүний ярьсан тагнаж, чагнасан, хуулийн байгууллагууд нотлох баримтыг жалганд аваачиж шатаасан гэж мэдээлснийг шалгаж, үүнийг ил болго. 49 гишүүн ЖДҮ авчихлаа гэж байна. Тэр бүхнийг оруулж ир. УИХ дээр хэрэг яримааргүй байна. Та шалгаад УИХ-д тайлагнаж баймаар байна гэсэн юм. 

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРТ НЭР ДЭВШИГЧ Б.ЖАРГАЛСАЙХАНЫ НАМТАР: 

  • 1988-1990 онд Өвөрхангай аймгийн, Прокурорын Газарт хяналтын прокурор,
  • 1990-1996 Тээврийн Прокурорын Газарт тээврийн прокурор,
  • 1996-2000 онд Өвөрхангай аймгийн Прокурорын Газарт прокурор,
  • 2009-2011 онд Улсын Ерөнхий Прокурорын Газарт хяналтын прокурор,
  • 2011-2014 онд Тээврийн Прокурорын Газар тээврийн прокурор,
  • 2014-2015 онд Улсын Ерөнхий Прокурорын Газарт хэлтсийн дарга,
  • 01.07-2017.07.01 ХБАХТХэлтсийн дарга,
  • 2017-2018 онд Улсын Ерөнхий прокурорын туслах, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, хууль цаазын тэргүүн зөвлөхөөр ажиллаж байна.