“Улаанбаатар смарт карт”-ын далд эзэд хэн бэ

Автобус ухаалагжаад удав. Кондукторуудыг ажилгүй болгож, жолооч нарын ачааллын нэмэгдүүлсэн ухаалаг системийн автобусны жолооч нарт эвдрэл, саатал гарсан тохиолдолд товчлуур даран үйлчилгээний төв рүү мэдээлэл илгээх, бууж сууж байгаа болон доторхи бүх зорчигчдоо бүрэн хянах, хаалга онгойх, хаагдах мэдээлэл ирэх зэрэг давуу талтай. Харин зорчигчдод автобус буудал дээр ирэх, хөдлөх цагийн бодит мэдээллээр хангагдаж, автобусан дотор чиглэл, буудлын нэрийг зарлах, цагийн хуваарь графикийн дагуу үйлчлүүлэх боломж бүрдэнэ гэсэн сайхан үгс тухайн үеийн хотын удирдлагуудын амнаас ёстой л нэг урсгал ус шиг урссан даа. Гэвч энэ бүхэн зөвхөн үлгэр төдий байсныг нийслэлийн иргэд биеэрээ мэдэрч явна.

Тэгвэл ухаалаг систем хэрхэн эхэлсэнийг сийрүүлье. Морьдохын хазгай гэгчээр сонгон шалгаруулалтад шалгарсан “Дата карт консерциум” нь хуулийн этгээд биш. Өөрөөр хэлбэл, ухаалаг автобус зөвхөн хэн нэгний халаасыг түнтийлгэх зорилготой бизнес болж хувирсаныг тэр үед учир мэдэх хүмүүс мэдэж байсан ч амаа хамхиад дуугүй өнгөрсөн.   

Зүй нь “Ухаалаг Улаанбаатар” төслийн нээлттэй сонгон шалгаруулалтыг 2014 оны зургаадугаар сарын 24-нд зарлаж, өмнө нь төслийн санал ирүүлж байсан аж ахуйн нэгжүүдэд төсөл сонгон шалгаруулалтын урилгыг албан бичгээр хүргүүлсэн гэдэг. Төслийн сонгон шалгаруулалтын материалыг 10 аж ахуйн нэгж авч, таван оролцогч төслийн саналаа ирүүлжээ. Гэхдээ сонгон шалгаруулалтыг Худалдан авах ажиллагааны газар зохион байгуулаагүй бөгөөд тухайн үеийн хотын орлогч Н.Батаагаар ахлуулсан ажлын хэсэг дүгнэсэн гэхэд болно. Тус сонгон шалгаруулалтад монгол инженерүүд өөрсдийн хийсэн бүтээлээр оролцсон байдаг.

Гэвч Монгол-Солонгосын хамтарсан “Дата карт консерциум”-ыг шалгаруулав. “Дата карт консерциум”-д “Тоб групп”, “Нама-Оч”, “Дата карт сервис” компани Солонгосын “Зэт И Юу Эс” компани багтжээ. Монгол Улсын Компанийн тухай хуульд консерциум, холдинг гэх мэт хуулийн этгээдийн талаар үг, өгүүлбэр байхгүй. Иймээс нөхдүүд хууль зөрчсөн үйлдлээ хаацайлахын тулд 2014 оны наймдугаар сарын 20-ны өдрийн 20140820 тоот шийдвэрийн дагуу “Дата карт консерциум”-ыг төлөөлөн Монгол Улсын хуулийн этгээд хэмээн “Зэт И Юу Эс” ХХК-ийн захирал И Мин У болон Монгол Улсын иргэн Б.Мөнхболор нар гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Дээрх олон компаниудын төлөөлөл сүүлдээ үгүй болж “Тоб групп”-ийн захирал Б.Мөнхболор иргэний хувиар, харин “Зэт И Юу Эс” Солонгос компанийн захирлын нэр өөрчлөгдсөн нь тэр.

Улмаар консерциумд багтсан компаниуд ажиллахаасаа татгалзаж, нэрээ татсан тухай мэдээлэл ч бий. Зүй нь ухаалаг систем анх ярьж байснаас тэс өөр болж, зүсээ хувиргасанд байгаа юм. Энэ тухай дараагийн дугаарт үгүүлнэ. Өдгөө консерциум биш “Улаанбаатар смарт карт” гэж компани бий. Эл компанийн дансанд мөнгө хуримтлагдаж, автобус баазуудад хуваарилдаг.

Хотын дарга Э.Бат-Үүлийн гарын үсэгтэй 2014 оны есдүгээр сарын 18-нд байгуулсан гэрээний 3.1-д “Талууд нь Монгол Улсын Компанийн тухай хуулийн дагуу хязгаарлагдмал хариуцлагатай компанийг хамтран байгуулж төслийг хэрэгжүүлнэ. Хамтарсан ХХК нь компанийн үйл ажиллагааг хугацаагүйгээр эрхэлнэ” гэжээ. Өөрөөр хэлбэл, сонгон шалгаруулалтад огт оролцоогүй, материалаа ч өгч байгаагүй компанийг эх барьж авах эхлэл тавигдсан нь энэ.  Ийнхүү аравдугаар сарын 22-нд “Улаанбаатар смарт карт” ХХК байгуулагдав. Монгол талын захирал нь Б.Мөнхболор, харин өнөөх Солонгос нөхрийн нэр дахин өөрчлөгдсөн байдаг.

Энэ бүх хууль бус ажиллагааг ажлын хэсгийн ахлагч Н.Батаа анзаараагүй гэхэд хэцүү. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын даргын 2014 оны тавдугаар сарын 20-ны 15 дугаар захирамжаар “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээнд ухаалаг төлбөр, үйлчилгээг нэвтрүүлэх асуудлыг судлах, санал боловсруулах үүрэгтэй ажлын хэсэг байгуулж Н.Батаагаар ахлуулсан байдаг. Дээрх сонгон шалгаруулалт ч энэ ажлын хэсгийн хүрээнд хийгдэв. Хамгийн хачирхалтай нь, 2014 оны долдугаар сарын 23-н А/521 захирамжаар “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслүүдийг хүлээн авч, дүгнэлт гаргах ажлын хэсгийг мөн л Н.Батаагаар ахлуулан байгуулсан байдаг. Мань хүн ганц өдрийн дотор уул овоо шиг их цаас бичигтэй танилцчихаад маргааш нь буюу долдугаар сарын 24-ны Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулав. Улмаар нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаас төлсийг саналыг ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд өргөн барьж хэлэлцүүлэхийг үүрэг болгосноор асуудал эцэслэгджээ. 

эх сурвалж: buzznews