Антальяд 19 жүдоч хүч үзнэ

Өнөөдөр Туркийн Анталья хотноо олон улсын жүдо бөхийн холбооны дэлхийн цуврал Гран При тэмцээнээр үргэлжлэх гэж байна. Анталья хот Гран При тэмцээнийг гурав дахь жилдээ хүлээн авч байгаа бөгөөд 75 орны 297 эрэгтэй, 188 эмэгтэй жүдоч хүч үзнэ. Энэхүү тэмцээнд түрүүлсэн тамирчин чансаагаа 700 оноогоор ахиулах бол мөнгөн медальтан 490, хүрэл медаль 350, 5-р байр 252, шилдэг наймд шалгарвал 182, 1/16 шигшээ 112, 1/32 шигшээ 84, нэг ялалт авбал 70, оролцсон тамирчин бүр 6 оноо авах учиртай. Манай улсаас энэхүү тэмцээнд нийт 19 жүдоч хүч үзэх бөгөөд гавьяат тамирчин Доржготовын Цэрэнханд, дасгалжуулагч Гантөмөрийн Дашдаваа нарын удирдлагад хүч үзнэ. Өнөөдөр тэмцээний эхний өдөр эрчүүдийн -60, -66, эмэгтэй -48, -52, -57 кг-ын жингийн барилдаанууд болох бол бямба гаригт эрэгтэй -73, -81, эмэгтэй -63, -70 кг-ын жингийн медальтнууд тодроно. Харин ням гаригт эрэгтэй -90, -100, +100, эмэгтэй -78, +78 кг-ын жингийн барилдаануудтай. Тэмцээний тойргийн барилдаанууд Улаанбаатарын цагаар 15:00 цагт эхлэх бол медалийн төлөөх барилдаанууд 21:00 цагаас явагдана. Тэмцээний хэсгийн барилдаануудыг http://judolive01.lb.judobase.org/live/ цахим хаягаар та бүхэн хүлээн авч үзэх боломжтой бол 22:00 цагаас SPS HD сувгаар шууд дамжуулан хүргэнэ. Өнөөдөр жүдо бөхийн дэлхийн аваргууд болох Г.Болдбаатар -60 кг-д, М.Уранцэцэг -52 кг-ын жинд хүч үзнэ.

 

Антальягийн “Гран При”-д өрсөлдөх тамирчид:

-48 кг:

Баасансүрэнгийн Ойдовчимэд /Хан-Уул дүүргийн спортын хороо, “Женко” клубийн тамирчин, өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт/

Отгонбатын Дуламжав /Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат, Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хороо, “Union team Nutrilite” компаний тамирчин/

-52кг:

Мөнхбатын Уранцэцэг /Цагдаагийн Ерөнхий Газрын “Хүч” спорт хороо, "G-Mobile" компаний тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин. ДАШТ-ий алт, мөнгөн медальт, 2014 оны багийн ДАШТ-ий мөнгөн медальт/

Бишрэлтийн Хорлоодой /Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны тамирчин, залуучуудын ДАШТ-ий тавдугаар байрын шагналт/

-57кг:

Батсүхийн Алтанцэцэг /Хан-Уул дүүргийн БТСХ, “Женко” клубийн тамирчин, 2019 оны УАШТ-ий хүрэл медальт/

-63кг:

Цог-Очирын Сүнжидмаа / Хан-Уул дүүргийн БТСХ, “Женко” клубийн тамирчин /

-78кг:

Батбаярын Эрдэнэт-Од /Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин/

+78кг:

Дамбадаржаагийн Номинзул /Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хороо /

-60кг:

Ганбатын Болдбаатар /Булган аймгийн Хангал сумын харьяат, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн “Хангарьд” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий алт, хүрэл медальт/

-66кг:

Ганболдын Хэрлэн /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хороо, “МТ” группын тамирчин, Дэлхийн Мастеруудын аварга/

Довдонгийн Алтансүх /Увс аймгийн Малчин сумын харьяат, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн “Хангарьд” спорт хорооны тамирчин/

-73кг:

Ганбаатарын Одбаяр /Баянзүрх дүүргийн БТСХ, Женко клубийн тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин, “G-Mobile” компаний тамирчин, ДАШТ-ий хүрэл, багийн ДАШТ-ий хүрэл медальтай/

Ганболдын Чойжилсүрэн /Баянзүрх дүүргийн спортын хороо, “Женко” клубийн тамирчин /

-81кг

Баттулгын Мөрренцэн / Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн “Хангарьд” спорт хорооны тамирчин /

-90кг:

Гантулгын Алтанбагана /Зэвсэгт хүчний Алдар спорт хорооны тамирчин, Азийн наадмын мөнгө, Армийн дэлхийн аварга/

Ганбаатарын Пунцагцэрэн /Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат/

-100кг:

Одбаатарын Хангал / /

+100кг:

Одхүүгийн Цэцэнцэнгэл  /Баянзүрх дүүрэг “Женко” клуб, МИАТ компаний тамирчин/

Сумъяабэйсийн Бат-Орших //