Ухаанаа алдаж уймарсан системийн цаад эзэд хэн бэ

Шинэхэн хотын дарга С.Амарсайхан өнгөрсөн долоо хоногт Смарт картаа гээгдүүлсэн, алдсан, хураалгасан иргэдийн 1.8 тэрбум төгрөгийг буцаан олгоно гэж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит хуралдааны үеэр мэдэгдсэн. Гэтэл Смарт картыг хэрэглээнд нэвтрүүлсэн "Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийнхан " Смарт картаа хаясан иргэдийн мөнгө гэсэн ойлголт байхгүй. Иргэдийг картаа хаясан, алдсан гэдгийг мэдэх ямар ч боломжгүй. Хаяж гээгдүүлсэн үед картан доторх мөнгийг нь буцаан олгох боломжгүй. Хэдэн төгрөг, ямар картанд байсныг нь хэрэглэгч баталгаажуулж чадахгүй, манай компанийн зүгээс нотолгоо нэхэх боломжгүй” хэмээн зөрүүдэлсэн.  Анхнаасаа энэ системийг нэвтрүүлэхдээ энэ бүхнээ бодолцох ёстой байсанг олон хүн хэлдэг. Аль нэг банкны болоод дэлгүүр худалдааны төвийн картууд ч тухайн хүнээс өөр хүн хэрэглэх ямар ч боломжгүй байдаг. Тэгвэл өнөөх ухаалаг систем маань энэ бүхнийг зохицуулж чадахгүй, хаяж үрэгдүүлсэн тохиолдолд дараагийн хүн ч хэрэглэх бүрэн боломжтой юм. Тэгэхээр үнэхээр ухаалаг систем мөн үү.

Энэ үйлчилгээ Монголд нэвтрээд дөрвөн жилийн хугацаа өнгөрч байна. Олон улсын туршлага судлан, БНСУ-ын сүүлийн үеийн загварын төхөөрөмж суурилуулсан, төлбөрийн ухаалаг систем иймхэн зүйлийг зохицуулж чадахгүй ухаанаа алдаад уймраад байгаа бололтой. Мөн нийтийн тээврийн салбарынхны орлого ил болно гэсэн бас л чадаагүй. Ил болох нь байтугай харин ч нууцын зэрэглэлтэй болсон гэхэд хилсдэхгүй. Ядаж байхад “Улаанбаатар смарт карт” ХХК-ийнхны гаргаж, хэлж байгаа мэдээлэл бүр нь хоорондоо зөрүүтэй гарна.

 Ачаалал ихтэй үедээ 250 сая төгрөг хүрдэг байсан одоо бол ихдээ л 130 сая болсон гэнэ. Илүү 100 гаруй сая төгрөг нь хаашаа хэний халаас руу орсон нь тодорхойгүй. Энэ талаар мэргэжлийн хүмүүс ч хэлсэн байдаг. Тухайлбал, нийслэлийн тээврийн газрын орлогч дарга асан О.Түшиг “Смарт карт нэвтрүүлж байхад нийтийн тээврийн салбар оргил ачааллын үедээ байсан. Өөрөөр хэлбэл орон нутгаас оюутан ирэх зэргээр хөл хөдөлгөөн нэмэгдэх үеэр нийтийн тээврийн орлого өсдөг. Есдүгээр сарын байдлаар нийтийн тээврийн орлого өдөрт ойролцоогоор өдөрт 250 сая төгрөг хүрдэг байсан бол аажмаар багасч одоо өдөрт 135 сая орчим төгрөгийн орлоготой ажиллаж байна. Цахим төлбөрт шилжсэн ч бид орлогыг 100 хувь хянаж чадахгүй байгаа” гэсэн. Мэдээж автобусаар зорчих зорчигчдын тоо багасаагүй нь лавтай. Нэг үгээр хэлбэл ухаалаг системийнхээ ачаар нийтийн тээвэртээ зарцуулж байгаа мөнгөө хянаж чадахгүй болжээ. Энэ талаар Улаанбаатар смартынхан ч өөрсдөө баталсан байгаа юм. Өдөрт U money картаар 614 мянган зорчигч дамжин өнгөрдөг бөгөөд 130 орчим сая төгрөгийн орлого олдог тухай дурдсан байдаг.

 “Ухаалаг Улаанбаатар” төслийн ажлын хэсгийн даргаар ажиллаж, автобусыг ухаалагжуулж, бэлэн мөнгөөр биш картаар зорчдог болгоход ихээхэн хувь нэмэр оруулж явсан нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч М.Халиунбат ч энэ системийг шүүмжилдэг. Тэрбээр, “Бид өнөөдөр нийтийн тээврийн ухаантай системтэй болсон. Ийм системтэй болохын тулд 13 сая доллар зарцуулсан гэж байгаа. Харамсалтай нь би энэ ажлыг ухаантай гэж ерөөсөө хэлмээргүй байгаа юм. Гэрээ ёсоор бол 2016 оны наймдугаар сар гэхэд бүх систем нь суурилагдаад , жигдэрчихсэн байх ёстой байсан ажил 2017 оны гуравдугаар сард систем нь хөгжиж дуусаагүй, бүтэн хяналт тавьж чадахгүй байсан. Бид ухаалаг системийнхээ ачаар нийтийн тээвэртээ зарцуулж байгаа мөнгөө хянаж чадахаа больчихсон. Нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлж байгаа ААН, үүнийг нь хянаж байх ёстой компани хоёр хоорондоо хуйвалдаад ч байгаа юм уу, яагаад байгаа юм бүү мэд. Ямар ч л байсан машин цагийн гэдэг нэртэй зардал жилээс жилд өсөөд байгаа. Яг үнэндээ энэ хугацаанд нийтийн тээврийн автобусны тоо, тэдний явж байгаа рейс, зорчигчийн тоо нэмэгдсэн үү гэвэл үгүй” хэмээсэн байгаа юм. Хэдийгээр М.Халиунбатыг “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн байр суурийг эзлэх бизнес төлөвлөгөө боловсруулчихаад гүйгээд байгаа гэж хардаж байгаа ч түүний хэлсэн ярьсан нь ор үндэсгүй биш бололтой. Үнэхээр л тийм бол М.Халиунбатыг ч, “Улаанбаатар смарт” ХХК-г хоёуланг нь шалгаад үзэхэд илүүдэхгүй болов уу.  

Өнөөх ухаалаг систем маань хааяа ухаанаа алдаж эргүүтнэ. Тухайлбал, дамжин суухад үнэгүй байх ёстой. Гэтэл буухдаа уншуулдаг төхөөрөмж ихэнх үедээ ажиллахгүй болж, картыг уншдаггүй. Ингэснээр дараагийн автобусанд мөнгө төлөгдөх үе гарна. Бас их ялгуур үзэлтэй. Хүмүүсийг чанга дуугаар ахмад настан, хүүхэд, хөнгөлөлттэй зорчигч гээд л нас хүйс, өвчтэй зовлонтой нэгнийг зарлана. Харин мөнгө уншигдаж байгаад нь баярлалаа гэж найрсаг хандана. Ийм л ялгуур үзэлтэй, уймраа систем хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрч байгаа ч шалгагдахгүй орлого зарлага нь ямар байгаа нь тодорхойгүй  удаж байна. Үүр цайхаас эхлээд өвлийн хүйтэн, зуны халуунд үдшийн бүрий хүртэл ажиллаж байж олдог байсан нийтийн тээврийн орлогын  10-20 хувийг “Улаанбаатар смарт карт” ХХК булаагаад авсан. Тэд зүгээр л ажлынхаа дулаан байранд сууж байгаад энэ орлогыг халаасалдаг болсон.

Энэ бүхнээс харахад смарт картын уншилтын баазыг хянаж үзэхэд гэмгүй бололтой. Нэг үгээр хэлбэл “Улаанбаатар смарт” ХХК-ий программ хангамж баталгаатай, зөв тоолж буй эсэхийг шалгах хэрэгтэй байна.

Үе үеийн хотын дарга нарын хормойноос мэндэлсэн гэгдэх ухаалаг системийн бизнест одоогийн дарга нарын нэр ч холбогддог.  Эхний ажил хэл амтайхан шийдлээ олж чадаагүй байхад дараагийн ажил хийгдээд эхэлсэн. Тухайлбал, автобусны буудал бүрт лед дэлгэц тавигдаад эхэлсэн. Үнэндээ автобус бүрт дараагийн буудлыг зарлаж, буудал бүр дээр буудлыг заасан зурагт самбар байхад давхар лед дэлгэц байрлуулж мөнгө үрэх шаардлага байсан юм болов уу. 

Дэлхий нийттэй зэрэгцэн хөл тавьж ухаалаг системээр үйлчлүүлж, уур уцаартай кондукторгүй болсон нь сайшаалтай ч “Улаанбаатар смарт” ХХК-г шалгах цаг нэгэнт болжээ.

 эх сурвалж: buzznews.mn