Ё.Баатарбилэг: Цэцэрлэгийн багш нарын илүү цагийн мөнгийг бүтнээр нь олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан яг одоо болж байна. Хуралдаанаар 32 асуудал хэлэлцэж байгаа бөгөөд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг дөнгөж сая зарим асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цэцэрлэгийн багш нарын илүү цаг ажилласан хөлсийг тооцож олгох асуудлыг шийдвэрлэлээ. Цэцэрлэгийн багш нар долоо хоногт дунджаар 40 орчим илүү цаг ажилладаг гэж тооцдог. Үүнээс 16 цагийнх нь илүү цагийн мөнгийг тооцож олгож байсныг бүтнээр нь буюу долоо хоногт 40 цаг ажилласан хөлсийг нь олгох боломжтой боллоо. Өнгөрсөн нэгдүгээр сараас хойшхи илүү цаг ажилласан мөнгийг нөхөж олгоно. ЕБС-ийн багш нарт мөн илүү цагийн хөлс тооцогддог. Тодруулбал, мэргэжлийн багш дутагдалтай тохиолдолд, ялангуяа хөдөө орон нутагт мэргэжлийн багш дутагдалтай нөхцөлд багш нар илүү цаг ажилладаг. ЕБС-ийн мэргэжлийн багш жирэмсний амралт авсан тохиолдолд орлож байгаа багшид, ажлын долоо хоногоос нэг сар хугацаагаар чөлөө авсан тохиолдолд орлож байгаа багшид илүү цаг тооцогддог. Тэгэхээр 2019 оны улсын төсөвт цэцэрлэгийн 22391 багш, ажилтнуудын 213 тэрбум 854 сая төгрөг батлагдсан. Үүний 6.9 хувь буюу 14.7 тэрбум төгрөг Боловсролын сайдын багцад бий. Үүнээс илүү цагийн хөлсийг тооцоод олгоно. ЕБС-ийн 46 мянга гаруй багш, ажилчдад 512 тэрбум гаруй төгрөг батлагдсан. Үүний 3.9 хувь буюу 19 тэрбум гаруй төгрөгийг илүү цагийн хөлсөнд тооцсон байгаа. Өнөөдрөөс багш нарын илүү цагийн асуудлыг Зсгийн газраас шийдвэрлэлээ" гэсэн юм. Мөн олон төрлийн Олимпиадууд сурагчдын дунд зохион байгуулахыг хориглосон байна. Тодруулбал, өмчийн хэлбэрээс үл хамааран бүх ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдыг яамнаас зохион байгуулаагүй тэмцээн, олимпиадад оролцуулахгүй.

Маш олон төрлийн тэмцээн олимпиад зохион байгуулж байгаа нь сурагчид болон багшийн ачааллыг зохиомлоор нэмэгдүүлж байна. Үүнээс гадна төрөл бүрийн уралдаан тэмцээн зохион байгуулж, сурагчдаас бүртгэлийн хураамж авахыг хориглож байгаа ажээ.

Түүнчлэн Засгийн газрын хэлэлцэх асуудлын жагсаалтад Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн 2018 оны жилийн эцсийн дүн, Гурван тулгуурт хөгжлийн бодлогын хэрэгжилтийн явцад 2018 оны жилийн эцсийн байдлаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнгийн талаар, Нийгмийн халамжийн сангийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээ, 2008-2016 онд барилга угсралтын ажил нь эхэлсэн төслийн тухай, “Тавантолгой түлш” ХХК-ийн түүхий эдийн тээвэрлэлтийн талаар, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн талаар, Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан гэрээлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүн зэрэг багтжээ.