Казинод тоглосон төрийн удирдах албан тушаалтнуудыг ажлаас нь шууд чөлөөлнө

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар 23 асуудал хэлэлцэнэ. Тэгвэл одоогийн байдлаар хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлээд байгаа аж. Тодруулбал, төрийн байгууллагад ажилладаг ажилтан, албан хаагч,  тэр дундаа төрийн удирдах албан тушаалтнууд, төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлууд ямар нэгэн байдлаар мөрийтэй тоглоомын газар тоглосон нь баримтаар нотлогдох, бичлэг нь задарвал ёс зүйн дүрэм зөрчсөн үндэслэлээр ажлаас нь чөлөөлж хариуцлага тооцохоор болжээ. Мөн үүнд иргэд, олон нийтийн хяналт чухал гэдгийг Ерөнхий сайд онцолж, холбогдох сайд нарт үүрэгт болголоо. 

Дашрамд мэдээлэхэд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ тухай мэдээлсэн. Ингэхдээ тэрбээр “Төрийн албан хаагчид буюу төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлууд Солонгост очиж казино тоглодог тоо баримтаараа манайх нэлээд дээгүүрт ордог гэсэн статистик өгч байна. Тэгэхээр үүний логик уялдаа нь авлигал гэж харагдаж байгаа юм. Дарга нар нь тэнд валютын урсгалаараа казинодоод байдаг. Төрийн албан хаагчид нь цалин хүрэлцээгүйн улмаас хар ажил хийгээд байдаг. Тиймээс Засгийн газраас Төрийн албаны ёс зүйн дүрмийг шинэчлэх Ажлын хэсэг байгуулахаар чиглэл гарч байна. Бүх шатны төрийн албан хаагчид, тэр дундаа төрийн удирдах албан тушаалтнууд, төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлууд хэрэв ямар нэгэн байдлаар мөрийтэй тоглоомын газарт орж баригдаад, бичлэг нь байх юм бол ёс зүйн дүрэм зөрчсөн гэж үзэн ажлаас нь шууд чөлөөлөх чиглэл гаргасан байгаа” гэсэн юм.

Хуулийн үндэслэл нь:

‪Төрийн албаны тухай хуулийн 40.2-г үндэслэж Засгийн газраас тогтоох нь:

Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3 дахь хэсгийн 3.1.4.в, 3.1.4.г дэх дэд заалтууд нэмж гадаад улсад албан томилолтоор ажиллах хугацаандаа дипломат ёс жаягийг хатуу барих...мөрийтэй, казино тоглохгүй байхаар зааж өгчээ.