Д.Урианхай: Урианхай бол дангаараа улс төр! Хөдөлгөөнд нэгдэж гарын үсэг зурахгүй шүү!!!

Нийтлэлч Баабар, Б.Цэнддоо, УИХ-ын гишүүн асан З.Алтай тэргүүтэй эрхмүүд "Бие даан нэр дэвшигчдийн холбоо” нэрийн дор Монголын төр, нийгмийн зүтгэлтнүүд нэгдэж, УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвших хүмүүсийг тодруулах “Электорат” хөдөлгөөнийг байгууллаа хэмээн өнгөрсөн сарын 28-нд сүр дуулиантай зарласан. Ингэхдээ тэд олны танил эрхмүүдийг урьж хүлээн авалт хийсэн бөгөөд энэ үеэрээ "Өнөөдөр энэхүү хөдөлгөөн байгуулагдсаныг олон нийтэд албан ёсоор зарлаж, хамтын тунхаг бичигт гарын үсэг зурлаа. Энэ хөдөлгөөн нь УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх субъект биш. Юуны өмнө 2020 оны УИХ-ын сонгуулийн 76 тойрогт өрсөлдөх бие даан нэр дэвшиж болохуйц хүмүүсийг олон түмнээр бүтэн жилийн турш хэлэлцүүлэх зорилготой. Улмаар бие даан нэр дэвшигчдийн дундаас олон түмний шалгуурт нийцсэн хэсгийг шалгаруулан дэмжих үүргийг "Электорат" хөдөлгөөн хүлээнэ. Хөдөлгөөний гишүүд нь, олон нийтэд танигдсан, нийгэм-улс төрийн талаар гайгүй ойлголттой, олны итгэлийг хүлээсэн хүмүүс төдийгүй өөрсдөө сонгуульд нэр дэвшихгүй гэж үзэж байна. Ингэснээр тодорхой тооны бие даан нэр дэвшигчдийн ард нь олон түмний итгэл найдварыг хүлээсэн, нэр хүндтэй хүмүүсийн сайн дурын эвсэл байх юм" хэмээн мэдэгдэж байсан юм.  

Тэгвэл дээрх уулзалтад ирсэн хүмүүсээс “Монголын философын холбооны тэргүүлэгч гишүүн, Утга зохиолын доктор Д.Урианхай яах аргагүй олны анхаарлыг татаж байсан. Учир нь энэ эрхэм 1993 онд "Иргэний үл эвлэрэл" гээчийг зарлаж улмаар "Бодь сэтгэл, эв хамт ёс" нэртэй ганцаарчилсан хөдөлгөөнийг байгуулж байсан түүхтэй. Иймээс бид өнгөрсөн даваа гарагт Д.Урианхай гуайтай уулзаж, дээрх хөдөлгөөнд үнэхээр нэгдсэн эсэхийг тодруулсан юм. Харин тэрбээр үүнийг эрс үгүйсгэж "Одоо үнэн нь худал болдог болсон хорвоо юм уу даа. Ийм арга хэмжээ болох гэж байгаа гэж намайг урьсан. Би очсон. Зохион байгуулж байгаа хүмүүс нь үзэл санаагаа хэлж нэгдэхийг урьсан. Харин би нэгдэхгүй гэдгээ албан ёсоор хэлсэн. Хэрэв хүсвэл би тэнд хэлсэн үгээ чамд бичиж өгье" гээд би тэнд цугларсан хүмүүст хандаж "Би марксист, коммунист үзэлтэн хүн. Монголын нийгмийн харилцааны мөн чанарыг эсэргүүцэж 1993 онд "Иргэний үл эвлэрэл" зарлаж "Бодь сэтгэл, эв хамт ёс" ганцаарчилсан хөдөлгөөн байгуулсан. "Бодь сэтгэл, эв хамт ёс" ганцаарчилсан хөдөлгөөн" нь бусад улс төрийн нам, хөдөлгөөнд нэгддэггүй. Урианхай бол дангаараа улс төр! Би хөдөлгөөнд нэгдэж, гарын үсэг зурахгүй шүү. Пиво уучихаад л явна шүү! гэж хэлсэн" хэмээгээд энэхүү үгээ цаасан дээр батлан бичиж өгсөн юм. Мөн тэрбээр цааш нь өгүүлэхдээ "Хүмүүс над руу та үнэхээр гарын үсэг зурсан уу гэж асуугаад л байна. Би үгүй гэдгээ хэлсэн. Тэгсэн миний гарын үсгийг дуурайлгаад зурчихсан юм уу даа. Гэхдээ миний бичгийг мэддэг хүмүүс бол  нь таны гарын үсгийг дуурайлгаж зурсан байна билээ гэж хэлсэн. Яагаад тэгсэн юм бол доо" хэмээн гайхширч буйгаа нуугаагүй. 

Эндээс харахад өөрсдийгөө Монголын сэхээтнүүд хэмээн нэрлэдэг эрхмүүд өөрсдийнхөө энэхүү акцынхаа нэр хүндийг өсгөхийн тулд олноо хүндлэгдсэн нэр төртэй эрхмүүдийг ашигласан уу гэсэн асуулт гарч ирж байгаа юм. Учир нь тэдний гарын үсэг зурсан тунхаг бичигт ганц Д.Урианхай ч биш өөр хэд хэдэн хүний гарыг үсгийг дуурайлган зурсан байсан гэдгийг зарим эрхэм хэлж байгаа юм. 

Л.Оюунгэрэл