Мөрдөн байцаах албыг татан буулгасан 9 гишүүнтэй танилц

“Ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг татан буулгаснаар эрүүдэн шүүх асуудал газар авсан” хэмээн Хүний эрхийн үндэсний комссын дарга Ж.Бямбадорж мэдэгдсэн.

10 жилийн түүхтэй тэрхүү албыг 2014 онд татан буулгасан юм. Тодруулбал, УИХ-аас 2014 оны нэгдүгээр сарын 24-нд Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулж, тухайн үед шүүгч, прокурор, цагдаа, тагнуул, АТГ-ын хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн холбогдсон хэргийг шалгадаг байсан 10 жилийн түүхтэй Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгасан юм.

Гэхдээ татан буулгах процесс түргэн хугацаанд явагдсан бөгөөд тухайн үед хуулийн төслийг өргөн барьсан гишүүдийг нууцалж байв. Өөрөөр хэлбэл, хуулийн төслийг тухайн оны нэгдүгээр сарын 9-нд тэр үеийн Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж өргөн барьсан юм. Тэр өдрөө Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхийг дэмжиж, нэг, хоёрдугаар хэлэлцүүлгээр оруулан АН, МАН, МАХН-аас бүрдсэн хууль санаачлагчид УИХ-ын гишүүдийн дэмжлэгтэйгээр батлуулах нь тэр.

Хуулийн төслийг санаачилсан гишүүд нь Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Р.Бурмаа, О.Баасанхүү, Л.Цог, Ч.Хүрэлбаатар, Д.Оюунхорол, А.Тлейхан, Д.Хаянхярваа нар. Тэдний буянаар цагдаа нь цагдаагаа шалгаж чадахаа больж, элдвийн арга хэрэглэж үзсэн ч үр дүнд хүрээгүй.

Гэхдээ энэ албыг дахин байгуулах сонирхол хуулийнханд ч, эрхэм гишүүдэд ч байдаггүй. 2017 онд өргөн барьсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг “Дэмжлэг үзүүлэх алба” нэрээр дахин байгуулахаар тусгасан байдаг. Гэвч энэ санал “сураггүй” болсон юм. Учир нь АТГ-ынхан эсэргүүцэж, лоббидсон гэх мэдээлэл бий.

Ямартай ч тэрхүү алба дахин байгуулагдаагүй өдий хүрсэн. Үүнээс улбаалж цагдаа цагдаагаа шалгаж чадахаа больж, эрүүдэн шүүлт хэрээс хэтэрсэн гэдгийг Ж.Бямбадорж хэлж байсан юм. Юуны тулд тэрхүү 9 гишүүн энэ албыг татан буулгах болов гэдэг нь анхаарал татна. Гурван ч намын төлөөллөөс бүрдсэн эрхэм гишүүд нууц ноёнтнуудынхаа үүрэг даалгаварыг биелүүлсэнээс өөрцгүй гэх мэдээлэл чих дэлсэх нь бий.

эх сурвалж: buzznews.mn