Ц.Нямдорж: Б.Хурц, Г.Эрдэнэбат нарыг шалгах ёстой

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял сонссон ялтнуудыг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг хэвлэл мэдээллийнхэнд үзүүлж дуусав. Төрийн ордон дахь 120 хүний багтаамжтай Иргэний танхимд хэвлэлийнхэн эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг үзсэн. Ингэхдээ хаалттай буюу сэтгүүлчдийн гар утас, дуу хураагуур, зургийн аппарат, видео камер, бал, цаас гэх мэт зүйлсийг хураан авч, дотогш оруулсан юм. Яг одоо Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж сэтгүүлчдэд үзүүлсэн бичлэгтэй холбоотойгоор мэдээлэл хийж, хэвлэлийнхний асуултад хариулт өгч байна. Тэрбээр “Сая та бүхэн цөмөөрээ эрүүдэн шүүсэн бичлэг үзсэн. Та бүхэн ямар нэгэн байдлаар ойлгосон байх. Би өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын гэр бүлээс уучлал гуйсан. Одоо гэртэйгээ шатаж нас барсан н.Отгонбаатарын гэр бүлээс уучлал гуйж байна. н.Отгонбаатарын ах хэвлэлд ярилцлага өгсөн байна билээ. Надад гомдсон тухай. Бид н.Нэргүй гэж энэ хүнийг цагдаагийнхантай уулзуулсан. Одоо энэ хүмүүс Эрдэнэтэд амьдрахад маш хүнд болсон. Энэ Нэргүйн ээж гэж өндөр настай хүн бий. Содномдаржаагийн ээж Жавзмаа гуай 70 гарсан хүн бий. Энэ хүн хүүгийнхэ төлөө чадах бүхнээ хийсэн. Чимэгээгийн ээж 80 хүрсэн хөгшин бий. Энэ хөгшин шөнөжингөө унтахгүй, хөрвөөж хонож байгаа тухай мэдээлэл ирж байна. Энэ настай гурван хөгшин маш их зовж байгаа юм даа. Миний зорьж байгаа зүйл нь энэ гурван хөгшин амьд байхад нь хүүхэд нь амьд гэдгийг мэдээсээ гэж хүсч байна” гэв. Тэрбээр дараа нь сэтгүүлчдийн асуултад харулсан. 

-Тагнуулын ажилтан бичлэгийг сэргээж үзүүлсэн гэсэн. Энэ бичлэгийн хэн хийгээд, хэн устгаад яаж сэргээсэн юм бэ?

-Мөрдөн байцаалтын нарийн юмыг хэлмээргүй байна. Өөрийнхөө сервер дээрээс сэргээсэн бичлэг. Өөр хаана ч байхгүй. Тийм юм болж байгааг ажлын хэсэг камераар хараад сууж байсан гэсэн үг. Тэгээд зохион байгуулсан гэсэн үг. Энэ хэргийг шалгах явцад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага байхгүй болчихсон.

-Содномдаржааг гэртээ хоолоо идэж байхад  Амгаланбаатар гэдэг хүнээс "Чи хоолоо идэж байна уу, хүүхдүүд чинь байна" гэх мэтээр үйл явцыг нь хараад ажиглаад байгаа юм шиг мессэж бичээд байдаг байсан тухай эхнэр нь ярьдаг. Яагаад шоронгоос мессеж бичээд байдаг юм бэ, гэх мэт олгомжгүй асуудлууд олон жил явж ирсэн. Энэ мессежийг АТГ-ын ажилтнууд бичээд байсан гэсэн үг үү?

-Амгаланбаатар өөрөө нэлээд тамлуулж байж энэ хачин юмнуудаа ярьсан. Мааньтын чангад ял эдэлж байсан чинь 2013 оны дундуур  Архангайн Цэнхэрийн голд 2003 нас барсан гурван хүний хэрэг хүлээгээд 10-аад хоног тэнд ажиллаад буцаж ирсэн. Тэр нь бас худлаа байсан. Тун удалгүй Мааньтын чангаас Говьсүмбэрийн чангад шилжүүлсэн. Тэнд хоёр ахтай болсон. Тэр нь хоригдож байгаа Тагнуулын хоёр хүн. 2014 он гараад мессежүүд цувж эхэлсэн. Одоо бол Амгаланбаатар би гар утас ашиглаж чаддаггүй, мэдэхгүй, миний хажууд мессеж бичээд байдаг байсан. Намайг Чимгээтэй, Содномдаржаатай утсаар яриулаад байдаг байсан. Би мэдэхгүй гэдэг. Амгаланбаатар сургуулийн дундаас гарсан хүн. Гэтэл тэр мессэжүүдийг харахад нэг ч үг үсгийн алдаа байдаггүй. Монголын шүүх тэр мессежүүдээр шийдвэр гаргачихсан.

-Хэдэн аймагт стандартын бус шорон байна вэ?

-Шоронгууд бүгд нэг стандартын. Сараалжин  хаалгатай. 2000 оноос хойш шоронгийн подвалыг  ашиглахыг хориглосон. Хорих байруудад  ийм байж болгохгүй гэж камерийн системтэй болгосон. Энэ бүх ажиллагааг УЕП-ын орлогч Эрдэнэбат гэдэг хүн гардан хийсэн.   Хуулийн байгууллага гэдэг чинь 4 авхар хяналтын шүүлтүүртэй байдаг. Гэтэл эдгээр хүмүүс үүнийг байхгүй болгосон.

-Сайд аа, Г.Эрдэнбат прокурор болон Б.Хурц нарыг шалгах юм байна гэж ойлгож болох уу?

-Аль алийг нь шалгах ёстой. Уг нь энэ хэргийн тухай хэлсэн. Яаралтай шалга гэж хэлсэн. Гэвч өчигдөр халагдсан хүмүүс энэ шалгалтыг хийгээгүй. Би тэр хүмүүст хэлж байсан. Энэ явдлаа шалгаа, та нар хүсэх юм бол хугас өдрийн дотор шийдэж болноо гэж хэд хэдэн удаа хэлсэн. Нэг нь ч хөдлөөгүй, асуудлыг хэлэлцээгүй. 

Энэ хэргийг шалгасан хүмүүсийг бүгдийг нь шалгана. Дээд шүүх хүртэл явна. Их олон хүн холбогдох байх шүү.

-Энэ хэргээс болж маш олон хүн хэлмэгдсэн. Зөвхөн ганц энэ хэрэг дээрээс болж Монголын цагдаа, шүүх ажлаа хийж чаддаг юм уу гэсэн эргэлзээ төрж байна?

-Хэрэг гардаг оройн хоёр төрлийн алдаа гарсан. Нэгдүгээрт, хэргийн газарт маш олон хүн орооод гарсан. Ул мөр алдагдсан.  хоёрдугаарт,  хэрэг гарсны дараа хийх ёстой ажиллагаануудыг хийгээгүй.  Өөрөөр хэлбэл, хэрэг шалгадаг тэр алтан үеийнхээ юмыг хийж чадаагүй. Нөгөөтэйгүүр энэ хэрэгт ҮАБЗ оролцож эхэлсэн.  ҮАБЗ ийм юманд ерөөсөө оролцож болдоггүй. 

-Таныг эрүүдэн шүүх сандал Хятадаас оруулж ирсэн гэж ярьдаг. Энэ ямар учиртай юм бэ

-Энэ эрүүдэн шүүх сандал биш. 2011 оны үеийн явдал. Гар  хөлийг нь чагталчихдаг.  Хөдөө сумын хэлтсийн төлөөлөгчдөд хэрэгтэй. Үүнийг тухайн үеийн ЦЕГ-ын дарга Сандаг-Очир өөрөө явж  авчирсан.  Харин ч эрүүдэн шүүх бус согтуу хөлчүү хүмүүсийн амийг авардаг сандал. Төв аймагт байна уу согтуу хүн амиа холосон явдал гарч байсан юм шүү.

-Эрүүдэн шүүх ажиллагаа болсоор байхад яагаад Та  сайд байсан хүний хувьд арга хэмжээ аваагүй юм бэ.  Д.Энхбат гэдэг хүнийг эрүүдэн шүүж тамалсан гээд байгаа шүү дээ?

-Чадах чинээгээрээ арга хэмжээг авсаар ирсэн.  Энхбаттай холбоотой асуудал бол надтай бус Тагнуулын байгууллагаа өөр дээрээ байлгаж байгаад нууцын журмаар хэргийг нь шийдсэн. Би энэ асуудлыг нууцаас гарга гэсэн шаардлага тавьж байгаа.

-Та Баттулга гэдэг хүнтэй олон жил таарамж муутай  явж ирсэн. Харин одоо  нэгдэж нийлчихээд байгаа юм шиг харагдаж байна. 

-Бид хоёр нэг зүйл дээр л таардаг. Хууульд орсон асуудал Цэц дээр очоод нэг тийш болох байх.  Би Ерөнхийлөгчийн санаачилсан хууль гээд дуугүй байж болох. Гэтэл систем нь ийм болчихоод байхад би дуугүй байх эрхгүй. Энэ асуудлыг сонгуультай холбож огт яриагүй шүү. Эхлээд мэргэжлийн баримжаа байсан, дараа нь баримтууд гарт орж ирсэн. Хэргийг уншсан. Одоо хэрэг хилсээр  шийдэгджээ гэдэгт 150 хувийн итгэлтэй болчихоод явж байна.

-Энэ хэргийг зохиомлоор  шийдсэн хүмүүс ямар шагнал хүртсэн байдаг юм бол?

-Зоригийн хэргийг зохиомлоор шийдвэрлэсэн, зохион байгуулсан хүмүүс  одон медаль цол, албан тушаал авсан. Хүн хилсээр хэлмэгдүүлж тамалсныхаа төлөө генерал цол авчихаад явж байна. Бүр ёстой юм шиг  шагнал авсан, ёстой юм шиг ийм хэрэг шийддэг  хэдэн прокурор шүүгчтэй болсон шүү дээ. 

-Энэ хэргийг зохиомлоор шийдэх ямар эрх ашиг  хэнд байсан юм бол. Магдагүй тэр хүмүүс чинь  энэ хэргийг зохион байгуулсан юм биш үү?

-Би яг баримт нотолгоогүй учраас тэгсэн ингэсэн  гэж хэлэх боломж алга. Уржигдар Элбэгдорж "Энэ хэргийн алуурчныг Нямдорж ямагт хамгаалдаг" гэж хэлсэн нь надад их сэжигтэй санагдсан шүү. 

Мөн тэрбээр сэтгүүчлидтэй уулзах үеэрээ "Энэ тамлах ажиллагаа гурван үе шаттай явагдсан. 2013 оны наймдугаар сарын дундуур Амгаланбаатар дээр ажиллагаа хийгдэж, Чимгээ  Содномдаржаа хоёр дээр АТГ гүйцэтгэх ажил явуулсан. Хэрэг нь Тагнуулд,  ажлын хэсэг прокурор дээр байхад АТГ дээр аваачиж харъяаллын бус асуудалд гүйцэтгэх ажиллагаа явуулаад жил болсон. Энэ жилийн хугацаанд Содномдаржаа болон Чимгээгийн гар утас руу Амгаланбаатар гэдэг хүнээс баахан мессеж явсан. Үгийн бохир заваан, аюултай. Сүүлд нь гүйцэтгэх ажиллагаа явуулж Содномдаржаатай зориуд зодоон байгуулаад 2015 оны 3 дугаар сарын 31-нд Содномдаржаа дээр эрүү үүсгүүлсэн. Үүнээс 40 хоногийн дараа Чимгээгийн хашаанд хүний цогцос аваачиж хаясан. Ингээд наймдугаар сараас барьж хориод есдүгээр сарын 1-нээс хүмүүс дээрээс нь оруулаад тамлуулсныг та бид нүдээрээ үзсэн. Хоригдсоноос хойш шүүхээс шийтгүүлэх хүртэл жилийн ажил болсон. Шийтэгсэнийхээ дараа аль алийг нь хамгийн чанга дэглэмтэйгээр хорьсон. Хүн оруулж болдоггүй. Прокурорын зөвшөөрөлгүй хүн оруулахгүй гэдэг. Хамгийн сүүлд Содномдаржаагийн ээж хүүтэйгээ уулзах гэсэн прокурорын зөвшөөрөл байхгүй гээд буцаачихсан. Хуулиараа нэгэнт ял шийтгүүлсэн ялтнууд хэн нэгнээс зөвшөөрөл авалгүй  хугацаа нь болсон уулздалт хийж болох хуультай. Прокурор хэний ч уулзуулж болохгүй гэдэг үүргийг шийдвэр гүйцэтгэлд өгөөд дарамтлаад байсан. Дээд шүүх дээр тэр үед мөрдөгдөж байсан хуулиар Эрүүгийн танхимын шүүх хуралдааны бүрэлдэхүүнийг танхимын тэргүүн нь тогтоодог хуультай байсан. Тэрийг зөрчөөд Ерөнхий шүүгч нь шууд танхимыг хуралдааныг даргалсан. Үүнээс үүдэн дээд шүүхийн Ерөнхий шүүгчид нь өргөдөл өгөөд тэр нь зөв бол Дээд шүүхийн Ерөнхий шүүгч эсэргүүцэл бичээд хэргийг нийт шүүгчдийг хуралдаанаар оруулах шатыг үгүй хийсэн" хэмээн тодотгож байсан юм.