“Эко Алтан Заамар”-ын захирлууд эрсдлийн үнэлгээний судалгааг үл тоожээ

Эко Алтан Заамар” компанийн уурхайд өнгөрсөн сарын 28-ны өдөр осол болж, дөрвөн уурхайчны алтан амь эрсдсэн хэрэг гарсан. Хэрэг чухам юунаас үүдэн гарах болов, тус компани хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажилласан уу гээд олон асуулт хариулт нэхэж байна. Зохих байгууллагуудын шаардлагыг хүлээж авдаггүй эл компанийн тусгай зөвшөөрлийг нь цуцалсан болоод асуудлыг дарах нь уу гэх хардлага цухалзах болоо.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөр, нийгэм хамгаалал тусгай хяналтын газрын дарга Л.Төгсбаяр осол үүсэх шалтгааны талаар мэдээлэл өгөхдөө хэд хэдэн анхаарал татахаар зүйл хэлсэн. Тодруулбал, тэрбээр “Тус компанийн ХАБЭАХ-ын ажилтан хэрэг гарахаас долоо хоногийн өмнө эрсдлийн үнэлгээ хийж захиралдаа хүлээлгэн өгсөн. Үнэлгээгээр ноцтой хоёр зөрчил илэрсэн байдаг. Эхнийх нь ажлын байрны зааварчилгааг журам ёсоор хийгээгүй. Өөрөөр хэлбэл, яг тухайн өдөр хийж гүйцэтгэх ажилтай холбогдуулан зааварчилгаа өгөхгүй байгааг тогтоосон. Хоёрдугаарт, мөс хагарч, уналтаас болж насосчид, ажилчид мөсөнд даруулах, техник хэрэгсэл эвдрэх аюултай байгааг эрсдлийн үнэлгээгээр тогтоосон байж.  Улмаар ХАБЭАХ-ын ажилтан захиралдаа өгч, уурхайн захирал танилцан гарын үсгээ зурсан” гэв.

Албаны хүний хэлж байгаагаас үзэхэд ХАБЭАХ-ын ажилтан хэд хэдэн захиралдаа осол болох эрсдэл өндөр байна гэдгийг мэргэжлийн үүднээс гаргаж тавьжээ. Гэтэл захирлууд чихэн дүлий, нүдэн балай байдлаар асуудалд хандаж дөрвөн гэр бүлийг уй гашууд автуулсан болж таарах нь. Хэрэв тус компанийн захирлууд асуудлыг анхааралдаа авч, эрсдлийг бууруулах арга хэмжээ авч ажилласан бол дөрвөн хүний амь эрсдэхгүй, үр хүүхэд нь өнчрөхгүй байх байлаа. 

“Эко Алтан Заамар” “А”лицензийн үүргээ биелүүлсэн үү

Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн Өгөөмөрийн хөндийгөөр урсах Туул голын хоёр талын эргийг энэ компани хашсан. Хашихдаа голын эрэгээс ердөө гурван метрийн зайд олборлолт явуулдаг. Тэр гурван метрийн зайтай талбай нь нутгийн иргэдэд үлдсэн ногоон байгууламж гэхэд болно.  Анх тухайн орон нутагт 2016 онд “А” лицензтэй гэж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Угтаа ийм зөвшөөрөлтэй компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд сумын нутаг дэвсгэрт тодорхой ажил хийж өгөх, нөхөн сэргээнэ гэсэн болзолтойгоор багийн хуралд оролцогчдын 80-аас дээш хувийн дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулах болжээ. Гэвч тус компани иргэдийн саналыг авах нь бүү хэл, хүч түрэн ухаж эхэлсэн. Улмаар нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч асуудал үүсэх нь тэр.

Сайдаас сайдын чихэнд хүрсэн тусгай зөвшөөрлийг цуцлах асуудал юу болов

Лицензийн үүргээ биелүүлэхээс зайлсхийсэн тус Байгаль орчныг хамгаалах тухай, Ашигт малтмалын тухай, гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай гэх мэт хуулийг уландаа гишгэж, дур зоргоороо авирласаар. 2017 онд Заамар сумын ИТХ-ын тогтоолоор тус компанийн ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналаа, хяналт шалгалтын дүгнэлтийн хамт БОАЖЯ-нд хүргүүлж байсан байна. Үүний дагуу Ажлын хэсэг ч томилогдож, шалгалт дахин оржээ. Хяналт, шалгалтын дүнд БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газраас “Эко Алтан Заамар” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай албан дүгнэлтийг Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлснээ 2018 оны долоодугаар сарын 20-нд олон нийтэд албан ёсоор зарлаж байлаа. 2018 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаас  албан бичиг хүргүүлж байжээ. Тодруулбал, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат осол болохоос нэг хоногийн өмнө "Эко Алтан Заамар"-тай холбоотой асуудалтай танилцаад зарим лицензийг нь цуцлах саналаа оруулж байсан аж. Тус албан бичигт хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа “Эко Алтан Заамар” ХХК-ийн MV 007712 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг ямар үндэслэлээр цуцлуулах шийдвэр гаргасан тухай байв. Гэвч энэ компани хууль бус үйл ажиллагаа явуулсан хэвээрээ л байлаа. Энэ талаар Уул уурхай, хөнгөн үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар "Эко Алтан Заамар" компанитай холбоотой дөрвөн хүн нас барсан эмгэнэлтэй явдал болсон. Салбарын сайдын хувьд ийм осол аваар гарсанд маш их эмзэглэж байгаа. Одоо газар гэсч байна. Уул уурхайн буруу төлөвлөлт, мэргэжлийн бус хүмүүс өнөөдөр мэргэжлийн инженерүүдийн үгийг сонсохгүй дархан эрхтэй эздийн гайгаар өнөөдөр хүний амь нас эрсдэж байна. Зөвхөн олзны хойноос буюу сорчилж орж байгаагийн гайг өнөөдөр хүний амь насаар төлж байна. 

Эх сурвалж:buzznews.mn

Тиймээс “Эко Алтан Заамар”-ын тусгай зөвшөөрлийг цуцлах ёстой. Цуцлах болно. Шийдвэр чиглэлүүдийг өгсөн байгаа. Тус компанийн энэ тэнд үйл ажиллагаа явуулбал бүх лицензийг нь цуцална гэсэн үүрэг өгсөн. Хүний амь эрсэдсэний дараа хариуцлага ярих биш өмнө нь мэргэжлийн байгууллагуудын зөвлөгөөг сонсож, тухайн аж ахуй нэгжүүд ажиллаж байгаа мэргэжлийн хүмүүс, төлөвлөлт хийж байгаа инженерүүдийнхээ зөвлөгөөг сонсохгүй, зөвхөн олзны хойноос сорчилсон байдлаар ажиллаж байгаагийн хар гай өнөөдөр гарч байна. Тиймээс хүний амь эрсэдсэн явдалд тухайн компани хариуцлагаа хүлээх ёстой” хэмээн хатуу хэлсэн.