З.Энхболд: Эрүүдэн шүүсэн тухай дахин шинээр эрүүгийн хэрэг үүсгэж, шалгана

Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хуулийн байгууллагын удирдлагыг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр чөлөөлдөг байх хуулийн төслийг өчигдөр УИХ баталсан. Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.  

-Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөл Үндсэн хууль зөрчсөн гэж УИХ-ын хэд хэдэн гишүүн хэлсэн.  Үндсэн хууль зөрчсөн үү? 

-Хэлэлцүүлгийн явцад гишүүд Үндсэн хууль зөрчсөн гэж баахан ярьсан. Тэгэхээр Үндсэн хууль зөрчсөнийг гишүүд мэдэхгүй. Үндсэн хууль гэдэг байгууллага мэднэ. Би Үндсэн хууль зөрчөөгүй талаар тайлбарласан. Томилгоо хийдэг эрх бүхий байгууллагын хүмүүст зөвлөмж хүргүүлж байгаа болохоос биш томилгоог нь ҮАБЗ хийж байгаа юм биш. Прокурорыг Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөж томилдог. Одоо бол огцруулахдаа Ерөнхийлөгч дангаараа шийдэж, огцруулна. АТГ-ын дарга, дэд даргыг огцруулах, чөлөөлөх зөвлөмжийг ҮАБЗ УИХ-д оруулна гэсэн байгаа. Тухайлбал, Прокурорын тухай хуулийн огцруулж, чөлөөлдөг 46.6-д энэ тухай 3 заалт байдаг. Энэ хууль гарснаар 4 дэх заалт нэмэгдэж, ҮАБЗ- ийн зөвлөмж гарсан тохиолдолд гэсэн үг нэмсэн. Тэгэхээр прокурор ажлаа хийхгүй байна. С.Зоригийн хэрэгт хүнд ял тулгаж, хэлмэгдүүлж байхад прокурор юу ч хийгээгүй хэдэн жил болсон учир энэ албан тушаалтныг огцруулъя гэсэн зөвлөмжийг Прокурорыг томилдог байгууллага, хүнд нь өгнө. Прокурорыг Ерөнхийлөгч  УИХ-тай зөвшилцөн томилдог. Мөн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд хоёр өөрчлөлт гарсан. Нэгдүгээрт, ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүгчийг түдгэлзүүлэх эсэхийг ШЕЗ шийднэ. Ерөнхийлөгч шийдэхгүй. Хоёрдугаарт, ҮАБЗ-ийн зөвлөмж гарвал заавал хэлэлцэнэ гэх өөрчлөлт орсон. ҮАБЗ-ийн зөвлөмжийг томилгоо хийх эрхтэй байгууллагууд хүлээж авах эсэхийг өөрсдөө шийдэх учраас Үндсэн хууль зөрчөөгүй.

-ҮАБЗ хэзээ хуралдах вэ. УИХ хуулийн төслүүдийг яаралтай дэгээр баталсан шүү дээ?

-Одоогоор ҮАБЗ хуралдаж, зөвлөмж гаргасан зүйл байхгүй байна. ҮАБЗ юунд ч оролцож болно. Хуульд нь байгаа.

-Ерөнхийлөгч Ерөнхий прокурор болон Орлогч прокурорыг огцруулах шийдвэрийг бие даан гаргана. Тэгэхээр асуудлыг Ерөнхийлөгч өөрийн үзэмжээр шийдэх боллоо гэж хуульчид шүүмжилж байна? 

-Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид прокурорыг огцруулах онцгой эрх өгсөн. Хэрэв ажлаа хийхгүй, хүн хэлмэгдүүлбэл онцгой эрхээ эдэлнэ. Эрүүдэн шүүж байхад тэр хууль бус ажиллагааг зогсоох эрхтэй хүн нь прокурор. Тэр үүргээ биелүүлээгүйн төлөө огцруулна. Ерөнхийлөгч прокурорыг хугацаанаас нь өмнө огцруулах бол заавал ҮАБЗ-ийн зөвлөмж хүлээнэ. Хугацаа нь дууссан орлогч прокурор Эрдэнэбат шиг хүнийг шууд огцруулна. Эрдэнэт прокурор мөртлөө С.Зоригийн хэргийг шалгах ажлын хэсгийг ахалж байгаа. Тэндээс эхлээд хууль зөрчсөн байгаа юм. 

-Прокурорын дэргэдэх мөрдөх албыг сэргээх үү?

-Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг 10 жил хүнд барьцаалагдсан байсан Сагсай гэдэг хүн толгойлж байсан. Тэр хугацаандаа хоёр цагдаад хариуцлага тооцсон байдаг. 10 жил барьцаанд байсан хүн шударга шийдвэр гаргах уу. Энэ байгууллага хаана байхаасаа үл хамаараад шударга ажиллах ёстой. Хуулийн байгууллага чинь тойрч ажиллаад байна. Тиймээс АТГ-т шилжүүлсэн. 

-АТГ-ын дарга, дэд даргад өмнөх өргөн барьсан хүмүүсээ дахин дэвшүүлэх үү?

-Хууль өөрчлөгдсөн учраас АТГ-ын даргад өмнө нэр дэвшүүлсэн хоёр хүнээ татаж аваад, өөр хүмүүс санал болгоно. УИХ ээлжит чуулганаар томилгооны асуудлаар нээлттэй сонсгол явуулах сонирхолтой байна. 

-Эрүүдэн шүүсэн нь бичлэгт тодорхой гарсан учир Чимгээ, Содномдаржаа нарт өршөөл үзүүлэх үү?

-Болоогүй. Тэр бичлэгт гарч байгаа хүн бүрийг тогтооно. ШШГЕГ-ын нэртэй, устай хүмүүс байгаа шүү дээ. Эрүүдэн шүүсэн тухай дахин шинээр эрүүгийн хэрэг үүсгэж, шалгана. Шинэ удирдлагуудыг томилсны дараа шалгахгүй бол одоогийн удирдлагууд өөрийнхөө шийдвэрийг зөв гэж гүрийгээд байна шүү дээ. Өө эрүүдэн шүүчихлээ гээд суллахгүй.

buzznews.mn