Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, түүний орлогч Г.Эрдэнэбат нарыг огцруулж, Ерөнхий шүүгч Ц.Зоригийг чөлөөллөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийг өөрийнх нь хүсэлтээр чөлөөллөө. Мөн Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан түүний орлогч Г.Эрдэнэбат нарыг үүрэгт ажлаас нь огцруулсан байна.

ЗАРЛИГТ:

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6.4, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2019 оны 10/09 дүгээр зөвлөмжийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Магванноровын Энх-Амгаланг Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалаас огцруулсугай.

Ганбатын Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалаас огцруулсугай.

Улсын Ерөнхий прокурорыг шинээр томилогдох хүртэл хугацаанд түүний бүрэн эрхийг хэрэгжүүлж байхыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч Баяраагийн Амгаланбаатарт даалгасугай” гэжээ.

Мөн Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийг өөрийнх нь хүсэлтээр албан тушаалаас нь чөлөөллөө. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Ц.Зоригийг албан тушаалаас чөлөөлөх тухай” зарлиг гаргалаа.

ЗАРЛИГТ:

“Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Цэвэгмэдийн Зоригийг Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалаас өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсүгэй” гэжээ.

Дашрамд мэдээлэхэд, өчигдөр хуралдсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу Ерөнхийлөгчийн зүгээс өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Прокурорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын гишүүдийн 85 хувийн саналаар баталсан. Ингэснээр хуулийн байгууллагын удирдлагуудыг ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу чөлөөлдөг болсон юм.