26 минутын бичлэг хуулийн байгууллагын дархлааг хуу татав

Ерөнхийлөгч санасандаа хүрэв. Тамгаа гардаж авсан өдрөөсөө эхлэн хуулийн байгууллагын дарга нарыг хорхойтой араандаа зуусан. Төрийн тэргүүн болохоос нь өмнө хуулийн байгууллагын түүнийг болоод эргэн тойрон дахь хүмүүсийг нь шалгаж, нэгжлэг хүртэл хийж байсантай нь холбоотой биз. Ямартай ч тэрбээр хуулийн байгууллагын удирдлагуудыг солихын тулд жил гаруйн хугацаанд ухаан санаагаа чилээж, эцэст нь тэр боломжийг бий болголоо. Ээлжит бус чуулганы хуралдаанаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр АТГ-ын дарга, шүүх, прокурорын удирдлагыг хугацаанаас нь өмнө чөлөөлөх хуулийн төслийг зүтгүүлж, гэрлийн хурдаар батлуулах нь тэр.

Тодруулбал, УИХ-ын дарга захирамж гарган Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэн, батлахаар ханцуй шамласан. Хуулийн төсөл эцэг хуультай харшилдаж байгаа тул Үндсэн хуулийн Цэцийн босго давахгүй бүдрэх болно гэх шүүмжлэлийг гишүүд хэлж байсан.

Тухайлбал, гишүүн Ж.Эрдэнэбат “Хэн нэг хүнд эрх мэдэл төвлөрүүлээд, тэр хүний дохио зангаагаар хөдөлдөг төр засагтай байж улс орноо хөгжүүлж, хөрөнгө оруулагчдыг татна гэдэгт хэн ч итгэхгүй. Мэргэжлийн байнгын хороо нь ярилцаад, мэргэжлийн хууль ч нар нь ярьж байгаад оруулаад ирсэн хүмүүс энэ хуулийн төслийг эсэргүүцэж байна. Хууль зөрчлөө гэж хуульч нар нь хэлээд байхад хууль мэдэхгүй хүмүүс нь эсэргүүцээд байгаад гайхаж байна” хэмээсэн юм. 

Мөн гишүүн О.Баасанхүү “Гэм буруутай, гэм буруугүйг ҮАБЗ тогтоохгүй. Гэм буруутай, гэм буруугүйг улстөрчид тогтоохгүй. Улстөрчдийн гарт хуулийг өгч болохгүй. Өдөр хэдэн хүнийг Ерөнхийлөгч дуудсаныг би нүдээрээ харсан. Одоо та нар дэглэм хийхээр өөрчлөх гэж байна. Үүний эсрэг цусаараа тэмцэнэ шүү” гэдгийг санууллаа. 

Гишүүн Д.Лүндээжанцан “Энэ хууль шүүхийн хараат бус байдалд ноцтой хор хохирол учруулна. Өнөөдөр оруулж ирээд чичирч дайраад шууд гаргах нь алсдаа ямар хор хохирол учруулахыг бид хэлж мэдэхгүй байна. УИХ хууль санаачлах эрхийнхээ хүрээнд шүүх, прокурорын хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэсэн бол гишүүн С.Эрдэнэ "Энэ хуулийг дэмжиж байгаа гишүүд Монголын ардчиллын эсрэг маш том гэмт хэрэг үйлдэж байгаа шүү гэдгийг сануулмаар байна” гэлээ.

Ийнхүү МАН-ын бүлгээр дэмжигдсэн гэх дээрх хуулийн төслийг дэмжих гишүүн чуулганы танхимд ховор байв. Гэхдээ энэ бол бичлэг үзэхээс өмнөх үйл явдал. Гэтэл С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял сонсоод байгаад Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж байгаа бичлэгийг гишүүдэд үзүүлсэн юм. 26 минутын бичлэгийг дутуу хагас үзсэн УИХ-ын гишүүдийн байр суурь 100 хувь өөрчлөгдөж, эсэргүүцэж байсан хуулийн төслөө шууд дэмжиж, кнопдсон.

Бичлэгийг үзээд гарч ирсэн гишүүдийн амнаас “Аймшигтай” гэх үг гарч байсан. Зарим нь нүд хальтирч, бүрэн үзэж чадаагүйгээч хэлж байсан юм. Ийнхүү дээрх 26 минутын бичлэг хуулийн салбарыг тулгуургүй болгож орхисон гэхэд хилсдэхгүй биз.

АН-ынхан дээрх хуулийн төслийг эсэргүүцэж, Үндсэн хууль зөрчсөн, шүүх эрх мэдлийг гартаа оруулж, төрийн эрхийг хууль бусаар авах үйлдэл хийх гэж байна гэж мэдэгдсэн юм. Үнэхээр ч хуулийн байгууллага шинэ даргын гарт шилжих процесс удахгүй явагдах гэнэ. Ц.Элбэгдоржийн хэлсэнээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ч аюултай болж хувирав бололтой. 

buzznews.mn