ҮАБЗ-ийн зөвлөмжөөр хууль, шүүхийн удирдлагуудыг солих хуулийг баталлаа

 УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу Ерөнхийлөгчийн зүгээс өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Прокурорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын гишүүдийн 85 хувийн саналаар баталлаа.

 Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн үеэр Хууль зүйн байнгын хорооноос гаргасан "Энэ хуулийг баталсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөнө" гэсэн саналыг УИХ-ын гишүүдийн 82.1 хувь нь дэмсэн юм.

Мөн хамт өргөн мэдүүлсэн Прокурорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг 90 хувийн саналаар, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 92 хувийн саналаар тус тус дэмжлээ. Энэ хуулийг баталснаар УИХ-ын ээлжит бус чуулган өндөрлөж байна. Тодотгоход хууль батлагдсан өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх юм. 

Энд тодотгоход дээрх хуулйн төслийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хийсэн. Энэ үеэр .дээрх төслийн талаар гишүүд байр сууриа илэрхийлсэн бөгөөд дээрх асуудлыг хэлэлцэх ёстой ч тогтолцоогоо нурааж болохгүй хэмээн хэлсэн цөөн гишүүдийн нэг нь О.Баасанхүү байсан. Тэрбээр "Үндсэн хууль, олон улсын гэрээ конвенцтэй холбовол дээрдүүлсэн заалтыг нь дагана.  ХЭҮК ямар ч эрх байхгүй, өмгөөлөгчид ямар ч эрх байдаггүй. Ирсэн гомдлын дийлэнх нь хорих байранд тамлуулж байгаа тухай байдаг. Эрүүдэн шүүх, хууль бусаар мөрдөж мөшгих олон асуудал байдаг. Энэ асуудлыг нэн яаралтай шийдэх хэрэгтэй. Харин тогтолцоогоороо тоглохыг зөвшөөрөхгүй" гэж байсан юм.