Ц.Элбэгдорж: Н.Алтанхуяг тэрбум төгрөг нэхсэн сураг сонссон. Би тайлбараа өгнө

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж мэдээлэл хийлээ. Тэрбээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу бүх шатны шүүгч, Авлигатай тэмцэх газрын удирдлага, Улсын ерөнхий прокурор болон орлогчийг нь чөлөөлдөг, огцруулдаг байх хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулж, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж  сэтгүүлчдэд байр сууриа илэрхийлсэн. Ингэхдээ тэрбээр "Манай Ерөнхийлөгч ээлжит урилгаа явууллаа гэж харж байна. Тэр нь Монголд Ерөнхийлөгч ямар ажил хийж болох, болохгүйг хамгийн  хурдан ойлгуулах хүн бол Х.Баттулга. Тиймээс би урилгыг хүлээж аваад, үгүй гэж хэлэхээр ирж байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Үндэсний аюултай байдлын зөвлөл болж хувирлаа. Шударга ёс, хуулийн засаглалыг сонгож хэрэглэж болохгүй. Өнөөгийн Хууль зүйн сайдын үед хүнийг гаднаас хулгайлж авчирч, хуруу гарыг нь хугалж тамалж зовоож байсан. Үүнийхээ төлөө одоогийн ХЗДХ-ийн сайд уучлал гуйж, энэ албыг ахиж хашмааргүй байгаа юм. ҮХЦ-ийн шийдвэрээр УИХ-ын даргаас огцорсон хүн бол өнөөгийн Хууль зүйн сайд. Өнөөдөр ийм албан тушаал хашаад байх зохимжгүй. Монгол Улс өнөөдөр шүүхгүй байснаас ХЗДХ-ийн сайдгүй, Ерөнхийлөгчгүй байсан нь дээр. Хууль шүүхийн байгууллага уг нь их дээрдэж байсан. Авлигын индексээрээ ОУ-д 120д жагсаж байгаад 70-руу ороод ирсэн. Бүр 50 байр урагшлаад байсан" гэлээ.

Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-МАХН-ын дарга Н.Энхбаярын оймсыг гозолзуулж байсан цаг саяхан. Харин одоо таны оймс гозолзуулахад тун ойрхон байна гэж улстөрчид ярьж байна?

-Н.Энхбаярт би уучлал үзүүлж байснаа их сайн санадаг юм. 2013 оны наймдугаар сарын 1 байсан. Миний ээж 2013 оны наймдугаар сарын 3-нд өөд болсон. Харин прокурорын байгууллагын ой дээр ярьсан зүйл бол 2015 оны наймдугаар сарын 14. Н.Энхбаярыг уучилснаас хойш хоёр жилийн дараа хэлсэн зүйл. Би тэр үед яг өнөөдөр болох гэж байгаа зүйлийг ярьсан. Монголын төр рүү хууль, шүүхээс зугтдаг хүмүүс мярааж байна. Тийм хүмүүс шулмын арми бий болгоод тархи угааж байна. Ийм аюул болох нь байна шүү. Хууль шүүх дээр шударга ёс тогтоохоор явж байгаа хуульчдаа төр нь хамгаалах ёстой шүү гэж хэлж байсан. Одоо яг хэлснээр болж байна. Миний хувьд хэн ч, ямар ч албан тушаалтан хууль, шүүхээс дуудвал яваад оч гэдэг. Зангиагаа зүүгээд, гутлаа тослоод оч гэдэг нь хууль, шүүхийн байгууллагад үзүүлдэг хүндэтгэл. Н.Энхбаярыг 12 удаа дуудсан. Ирэхгүй болохоор нь баривчилгаа болсон байдаг. Бид нар өөрсдөөсөө соёл нэвтрүүлж хууль, шүүхийн байгууллагаа хүндлэхгүй бол хэн ч хүндлэхгүй.

-С.Зориг агсантай холбоотой хэрэгт та ямар байр суурьтай байгаа вэ. Та Ерөнхийлөгч байсан хүн шүү дээ?

-Аливаа хүн амины хэрэг, ялангуяа Төрийн зүтгэлтний амь насыг хөнөөсөн хэрэг хоёр шаттай л байдаг. Нэгдүгээрт, алуурчныг, хоёрдугаарт, захиалагчийг олох. Гэхдээ би энэ хэргийг гурван шаттай гэж харсан. Гурав дах нь ямар учиртай вэ гэхээр ямар учраас илрэхгүй ингэж удав аа гэж. Гэтэл одоо дөрөвдэх шат гэж ирж байна. Энэ нь Ц.Нямдоржийн зохион байгуулж байгаа шат. Ямар учраас Ц.Нямдорж ийм ажиллагаа хийж байгааг одоо шалгаж чадахгүй бол хэзээ нэгэн цагт Монголын ард түмэн хариултыг нь нэхэж л таарна. Шалгаж л таараа. Энэ хэргийн учир олдоно гэж итгэж байгаа. 

Чуулган өнөөдөр хуралдахгүй байна. Юу хүлээгээд байгаа юм. Нэг аюултай аймшгийн бичлэг байгаа л гээд байгаа. Тэр хүмүүс нь эрүүдэн шүүгдсэн, хилсээр ял авсан гээд л… Өнөөгийн Хууль зүйн сайд бол Зоригийн алуурчдаар бахархдаг. Зоригийн аллагыг зохион байгуулсан хүмүүст үйлчилгээ үзүүлж байгаа юм шиг ажилладаг байсан. Та нарын өмнө сууж байгаа намайг алчихаж гэж бодъё. Зохион байгуулагчийг олохын төлөө Ц.Нямдорж явах уу? Өнөөдөр намайг харааж байгаа шиг С.Зоригийг хараадаг байсан, тэр үед. Энэ аллагаас хэн хожиж, хэн нь мөнхийн зүрхэндээ шархтай явж байсныг мэдэх хүн нь мэднэ. Ц.Нямдорж Эрдэнэтийн 49 хувь, Зоригийн аллага дээр сэдэв хараад олж авсан. Өөрийнх нь зан араншин нь тэр. Энэ байдлаас гарах арга бол Хууль зүйн сайдаа чөлөөлөх. Яахаараа энэ хүн ингэж ажилладаг юм. Тэгээд УИХ-ын гишүүнээс нь чөлөөл.

-Та ҮАБЗ-ийн гишүүн байсан. Гэтэл одоо хуулийн байгууллагын удирдлагуудыг ҮАБЗ-өөс чөлөөлдөг болох гэж байна. Энд та ямар байр суурьтай байгаа вэ?

-ҮАБЗ-ийн Их хуралд оруулсан хууль өнөөдөр батлагдах уу, батлагдахгүй юу гэдэг нь асуудал бараг биш болчихлоо. Энэ хууль өнөөдөр батлагдахгүй байсан ч дахиад л орж ирнэ. Нэг үгээр хэлбэл, Ерөнхийлөгч айдас гэдэг юмыг улстөрчдийн зүрхэнд суулгаад өгчиж байна. Ер нь та бүхэн мэднэ дээ.  Хууль, шүүхээс зугтаж байсан хүн ҮАБЗ-ийн дарга болоод өөр юу хийх юм бэ. Өөрийнхөө хамтарч байсан хамсаатнуудынхаа хэргийг алга болгож байна. 280 сая доллар, найман тэрбумынхаа хэргийг 46 сая төгрөгөөр хаалгаад явж байна. Өчигдөр баахан хэрэг дурдаж ярьчихаад тэр тухай дурдах ч гүй байна лээ. ЖДҮХС-гаас зээл авсан асуудлаар дуугарсан ч гүй. Энэ бол ойлгомжтой.

-Та Б.Хурц гэдэг хүнтэй яг ямар холбоотой юм бэ?

-Намайг Ерөнхий сайд хийж байхад Б.Хурц гэдэг хүн тагнуулын байгууллагад ажиллаж байсан. Ажил үүргийн шугамаар л хамтарч ажилладаг байсан.

Их тэнгэрээс алга болсон зурагтай ойролцоо хэмжээтэй зураг таны цугллуулгаас гарч ирсэн гээд байгаа. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

-Миний Их тэнгэрт амьдарч байсан албаны байранд нэг ч албаны зураг байгаагүй. Арваад зураг авч явсан гэсэн. Таарсан байж магадгүй гэдэг зураг нь 2008 онд цуглуулагчаас ирсэн зураг байгаа. Одоогоос 10 жилийн өмнө би “100 зураач, 100 зураг” үзэсгэлэн гаргаж байсан. Би  Монголдоо гайгүй зураг цуглуулаад уран зургийн галерей үлдээе гэж бодсон. Ц.Элбэгдоржийг АСЕМ, Эрдэнэтийн 49 хувиас өөр юм хайгаад олдохгүй болохоор зураг алга болсон гээд ороож байна.

-Ерөнхий сайд Н.Алтанхуяг таныг шүүхэд өгсөн гэсэн?

-Ерөнхий сайдыг огцруулах саналыг Ерөнхийлөгч гаргаж болно гэсэн заалт хуульд байдаг. Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа тийм нэг сарайсан өргөдөл барьж орж ирснийг нь би буцаагаад өгч байсан. Та нар санаж байгаа даа, Ардын намынхны Н.Алтанхуягтай холбоотой олж авсан юм гэдэг хэдэн мянга. Хүргэнийх нь асуудал, нүүрсний асуудал, Тавантолгойд хашаа, авгайнхаа нэр дээр байшин бариуллаа гээд үнэхээр хүнд байдалд орсон байсан байх. Тэр галыг надаар бариулж УИХ руу гаргах гэсэн болов уу. Болсон юмыг би болсноор нь хэлнэ. Тэрбум төгрөг нэхсэн сураг сонссон. Би тайлбараа өгнө.