Л.Гансүх: Монголд прокурор мундсан юм шиг Л.Гансүх, С.Зоригийн хэргийг ганцхан Батжаргал гэсэн прокурор хяндаг

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх асан Л.Гансүх цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. Тэрбээр “Шударга бусын хонгилоор явж, хэлмэгдсэн” гэдгээ тодотгон хэлсэн юм.  Мөн шүүхийн байгууллага ялзарсан, хэсэг нэр бүхий шүүгч хэргийг шүүж, ялладаг байсан талаар ярьлаа.

Цааш нь тэрбээр “Би “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орсны дараа надтай зургаан хүн ирж уулзсан. Эд нар бүгд Ц.Элбэгдорж болон Б.Хурц нарын бүтээсэн шударга бусын хонгилоор явж хэлмэгдсэн хүн. Тиймээс тэдэнтэй хамтарч тэмцэхээр боллоо. Олон хүн шударга бусын хонгилоор явж хохирчээ. Миний хувьд бас хэлмэгдсэн. Тиймээс эхлээд шударга бусын хонгилоо нураах хэрэгтэй байна. Дараагийн шударга бус хонгилыг гаргахгүй төлөө тал талаасаа хичээж ажиллах ёстой. Шударга бусын хонгилд хэлмэгдэгсдийн холбоо байгуулна. Дахиад ийм хонгил бий болгохгүйн тулд хууль эрхзүйн орчныг нь шинэчлэх хэрэгтэй байна. Тодорхой дуу хоолойгоо нэгтгэх итгэл үнэмшил төрсөн учраас дээрх холбоог байгуулсан. Манай байгууллага шударга бусын хонгилоор орж хохирогч болсон хүмүүсийг хамтрахыг хүсч байна. Нэгдүгээр зорилго нь, хилсээр хэлмэгдсэний хохирлоо олж авах, хэргийг нь шүүхээр цагаатгахын төлөө явна. Хоёрдугаарт, шүүх, прокурор, АТГ, цагдаад шургалсан хонгилын гишүүд, тэдэнд олзлогдсон хүмүүсийг илчилж, холбогдох арга хэмжээг авахын төлөө төр засгийг шахаж ажиллана. Гуравдугаарт, холбогдох хуулиудад өөрчлөлт оруулна. Одоогийн практикт хуулийг боловсруулахдаа тэр хуулийг гардан хэрэгжүүлдэг байгууллага, албан тушаалтнуудад даатгаж орхиод тэдний боловсруулсан хуулийг баталдаг байдлыг таслан зогсоох ёстой. Өөртөө ашигтай, эрх мэдлийг өөртөө авахаар, хариуцлага хүлээхгүй байх асуудлыг хуулинд шингээж өгдөг. Тиймээс үүнийг хаах ёстой. Хуульч мэргэжилтэй хүмүүс бид нартай холбогдож, хамтарч ажиллахыг хүсч байна. Шударга бусын хонгил албан ёсны хэллэгээр бол маш том мафи юм. Хүний эрх чөлөө, аюулгүй байдлыг алдагдуулж ирсэн. Тиймээс аюулгүй байдлаа, эдийн засгаа хамгаалахын төлөө хичээж тэмцэх ёстой. Хууль ёсны байгууллагуудын мафийн бүлэглэлийг нэг хоногийн өмнө ч задлах ёстой. Уг нь өөрсдөө өргөдлөө өгөөд энэ асуудлаас салах юм бол хойч үе, үр хүүхэд нэр төрд нь хэрэгтэй юм шүү” гэлээ.

Тэрбээр “Ц.Элбэгдорж шүүх, прокурорын удирдлагуудыг солиод АТГ-ын дарга нарыг шоронд явуулж байхад хэн тэдний төлөө хашгирч босч байсан юм бэ. Төрийн гурван өндөрлөгийг асуудлаа ойлгож, олонхиор дэмжиж байгаа гишүүдэд баярлалаа гэж хэлье. Аргагүй нөхцөл байдал үүссэн байна. Монголд прокурор мундсан уу Л.Гансүх, С.Зоригийн хэрэг дээр ганцхан Батжаргал гэж прокурор явдаг. Шүүгч мундсан. Анхан дээр нь нөгөө л гурван шүүгч. Дунд шатны шүүх дээр Соёмбо-Эрдэнэ, Бат-Эрдэнэ нар алх цохиод, Дээд шүүх дээр Батцэрэн, Хосбаяр, Цогт нар алх цохьсон. Ерөнхий шүүгч нь өөрөө нэг хоногийн өмнө тушаал өөрчилж, бүрэлдэхүүн оруулж ирээд хэргийг  даргалж шийдвэрлэж байсан. Энэ бол бүлэглэсэн мафи юм. Шүүх хуулийн системийг шинэчлэх хэрэгтэй. Өнөөдөр эд нарт улс төрийн хамгаалалт хэрэгтэй байна гээд хашгираад байх юм. Хамгаалах ёсгүй” гэв.

эх сурвалж buzz.news.mn