ҮАБЗ-ийн зөвлөмжөөр хуулийн байгууллагын удирдлагуудыг чөлөөлдөг хуулийн төслийг хэлэлцэх нь

МАН-ын бүлэг яг одоо хуралдаж Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт ,өөрчлөлт оруулах тухай хууль болон Прокурорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байгаа ажээ. Учир нь Ерөнхийлөгч Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Үүнтэй холбоотойгоор тус намын бүлэг байр сууриа нэгтгэхээр болсон байна. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий шүүгчид тавих болзол, шаардлага, шүүгчийн бүрэн эрх, шүүгчийн хараат бус байдал, түүний баталгаа зэрэг шүүгчийн эрх зүйн байдалтай холбогдсон харилцааг зохицуулдаг. Тэгвэл дээрх хуульд яаралтай нэмэлт өөрчлөлт оруулснаар АТГ-ын дарга, Шүүхийн удирдлага болон Ерөнхий прокурорыг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр чөлөөлж, түдгэлзүүлж болно гэсэн заалт оруулж байгаа бололтой.  

Түүнээс гадна энэ хуулиудаар Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн бөгөөд өнөөдөр хуралдсан гэх мэдээлэл бас байна. Юутай ч энэ талаар УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар "УИХ-ын ээлжит бус чуулган товлон зарлах тухай" захирамжид нэмэлт оруулах тухай захирамжийг УИХ-ын дарга Г.Занданшатар гаргалаа. Захирамжаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэхээр нэмсэн байна. Тиймээс хуулийн төслийг намын бүлэг, Байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр болов" гэжээ. Ингэснээр дээрх хуулиудад УИХ-ын дарга захирамж гаргасан учраас хуулийн төслүүдийг УИХ дахь намын бүлэг, байнгын хороод хэлэлцэж, ээлжит бус чуулганаар батлах нь тодоррхой болж байна. 

Жич: Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд дараах өөрчлөлтийг оруулна. Үүнд

1 дүгээр зүйл. Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт дор дурдсан агуулга бүхий 17.1.8 дахь заалт нэмсүгэй.

“17.1.8 Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарсан.”

2 дугаар зүйл. Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 17.4 дэх хэсэг нэмсүгэй.

“17.4 Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг Ажлын алба нь Шүүхийн ерөнхий зөвлөлд нэн даруй хүргүүлнэ.

3 дугаар зүйл Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5  дахь хэсэгт  дараах агуулга бүхий  “Түүнчлэн энэ тухай Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарсан бол заавал хэлэлцэнэ”. Гэсэн 2 дахь өгүүлбэр нэмсүгэй. 

4 дүгээр зүйл. Энэ хуулийг баталсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөнө.

Дашрамд мэдээлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан дээрх хуулийн төслийн үзэл баримтлалд

“Үндэсний аюулгүй байдлын чухал бүрэлдэхүүн хэсэг болох Монгол Улсын оршин тогтнохуйн аюулгүй байдал, нийгэм-төрийн аюулгүй байдал, иргэдийн эрх, эрх чөлөөний аюулгүй байдалтай холбоотой үүссэн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүх, прокурорын байгууллага, авлигатай тэмцэх байгууллага, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар зэрэг эрүүгийн хэрэг мөрдөн шалгадаг, түүнийг хянадаг, шүүн шийдвэрлэдэг шүүх эрх мэдлийн байгууллагын удирдлага нь улс төр-эдийн засгийн бүлэглэлд харьяалагдсан, тэдний хууль бус үйл ажиллагааг хамгаалдаг хуйвалдааны тогтолцоо бүрджээ. 

Хууль хяналт, шүүхийн байгууллагын удирдах албан тушаалтнууд өөрийг нь санал болгосон, томилсон албан тушаалтандаа үйлчилдэг, улс төрийн захиалгаар эрүүгийн хэрэг үүсгэдэг, улстөрчдөд үйлчилдэг бол уг байгууллагын гүйцэтгэх албан тушаалтнууд нь мэргэжлийн чадавхигүй, хууль дээдлэх биш, “дээрээс” ирсэн зааврыг биелүүлдэг, илэрхий гэмт хэргийг шийдвэрлэхгүй удаашруулж, саармагжуулах үйл ажиллагааг биелүүлэгч болжээ.

Хууль шүүхийн байгууллагын албан тушаалтнуудын ёс зүйгүй байдал хэрээс хэтэрч, хууль, шүүхийн байгууллагад итгэх ард түмний итгэлийг байхгүй болгож, улмаар Монгол төрийг нэр хүндгүй, улс орноо удирдах чадавхигүй болгож байна. Энэ нөхцөл байдал нь Монгол Улсын оршин тогтнохуйн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж, цаашид Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд ноцтой аюул учруулах түвшинд хүрчээ гэж дүгнэж байна.

Үүнтэй холбогдуулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2019.03.25-ны өдөр хуралдан, Н-09/08 дугаар зөвлөмж гаргаж, “Бүх шатны шүүхийн удирдах албан тушаалтан, Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлөх нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хуулиудад оруулах тухай хууль санаачилж, нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгасан болно.

Иймд Монгол Улсын язгуур ашиг сонирхлыг хамгаалж ажиллаж чадахгүй байгаа шүүх, хууль хяналтын байгууллагын удирдлагын үйл ажиллагааг үндэсний язгуур ашиг сонирхолд нийцүүлж, үндэсний аюулгүй байдалд учирч байгаа ноцтой эрсдэлийг арилгах зорилгоор холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилсан болно” гэж дурджээ.