МАН-ын дарга У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилгогдсоноос хойш багагүй хугацаа өнгөрч байгаа. Энэ хугацаанд тэрбээр төрийн томоохон албан тушаал тэр дундаа төрийн мэдэлд байдаг үйлдвэрүүдэд улс төрийн томилгоо хийж, өөрийн тойрон хүрээлэгчдийг ээлж дараалан албан тушаалд тавьж байгаа юм. Тэгвэл тэрбээр ойрын үед "Эрдэнэт" үйлдвэр болон Хөгжлийн банкны удирдлагуудыг сольж өөрийн хүмүүсийг тавих нь тодорхой болоод байна.

Эдгээрээс Монгол Улсын хөгжилд түлхэц болохуйц томоохон төслүүдийг санхүүжүүлэх зорилгоор байгуулагдсан Хөгжлийн банкны удирдлагыг солих тухай асуудал олны анхааралд байгаа. Учир нь энэ банк улстөрчид, улс төрд нөлөө бүхий бизнесмэнүүдийг дэмжсээр ирсэн бөгөөд энэ ч утгаараа төрийн эрх барьж байгаа нам болон албан тушаалтнууд энэ банкийг зоосны нүхээр харж ирсэн. Үүний нотолгоо нь тун удахгүй Хөгжлийн банкны экс удирдлагууд болон зарим улстөрч төрийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан гэх асуудлаар ял авах нь тодорхой болоод байгаа. Мөн тэдэн дээр нэмж энэ удаад тус банкийг одоо удирдаж буй албан тушаалтнууд ч хуулийн байгууллагын хаалга татаж мэдэхээр болсон. Учир нь ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ажлаа авсан даруйдаа тус банкны удирдлагуудтай уулзаж шалгалт оруулж байгаагаа дуулгасан бол энэ үеэр Монголбанкны удирдлагууд "Бид энэ банкинд шалтгалт оруулах гэхээр банкны удирдлагууд зөвшөөрөл өгөөгүй" хэмээн уламжилсан. Иймээс ч тус банкны 2016 оны сонгуулиас хойш олгосон зээлүүд УИХ-ын зарим гишүүн болон МАН-ын нөлөө бүхий  улстөрчидтэй нэр холбогдож тэдний хамаарал бүхий компаниудыг санхүүжүүлсэн гэх асуудал босч ирээд байгаа юм. Мөн энэ бүх асуудлын зангилааг атгаж байгаа хүн нь ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ гэдгийг ч улс төрийн хүрээнийхэн ярьж байгаа. 

Тэгвэл дээрх асуудалтай холбоотойгоор Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагын төвшинд зарим томилгоог хийх нь тодорхой болжээ. Тодруулбал, Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Б.Батбаяр ойрын үед ажлаа өгөхөөр болсон тухай өмнө нь бид мэдээлж байсан. Тэгвэл түүнээс гадна зарим захирлыг өөрчлөх тухай асуудал яригдаж эхэлжээ. Баттай эх сурвалжийн мэдээлснээр Б.Батбаярын оронд томилогдох хүн нь Ерөнхий сайдтай нутаг ус гэх тун ойрын сэжмээр холбогддог УИХ-ын Б.Жавлангийн хүн очих аж. Учир нь Б.Жавхлан У.Хүрэлсүхтэй их ойр, сайн муу зүйлд нь хамт байдаг бөгөөд хамаатан садан гэх мэдээлэл бий. Мөн тэрбээр энэ том албан тушаалд хүнээ тавиулах болсон гол шалтгаан нь одоогоор У.Хүрэлсүхээс ямар нэг байдлаар дэмжлэг аваагүй. Товчхондоо У.Хүрэлсүхийн тараасан гэх ЖДҮХС-гаас их бага хэмжээгээр зээл аваагүй. Иймээс Хөгжлийн банкны захирлаар өөрийн хүнээ томилуулах визийг авсан гэцгээж байна.  Тэгвэл зарим хэвлэлээр  Хөгжлийн банкны дэд захирлуудын зарим нь албан тушаалаа өгөхөөр болж байгаа бөгөөд очих хүмүүсийн сураг гараад эхэлсэн тухай мэдээлжээ. Энэ тухай "Зууны мэдээ" сонинд “Голомт” банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал М.Чингүүн нь Хөгжлийн банкны таван дэд захирлын нэгээр нь очихоор болсон гэсэн байна. М.Чингүүний хувьд одоо тус банкийг удирдаж байгаа Б.Батбаярын дэргэд салбартаа танигдсан банкир бөгөөд нэг үе Монголын банкуудын холбооны дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан юм.