МАН-ын бүлэг: АТГ-ын удирдлагуудын томилгоог хойшлуулжээ

МАН-ын бүлэг өнөөдөр хуралдсан. Хурлаар гурван асуудлыг хэлэлцсэн бөгөөд нэгдүгээрт тагнуул, ШШГЕГ-ын ажилтнууд хүмүүсийг эрүүдэн шүүсэн асуудалтай холбогдуулан  Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн мэдээллийг сонссон байна. Тодруулбал, С.Зориг агсны амь насыг хохироосон асуудлаар яллагдагч нарыг эрүүдэн шүүсэн тухай мэдээллийг сонсч улмаар энэ тухай бичлэгийг олон нийтэд ил болгох ёстой гэж бүлэг үзжээ. Мөн УИХ-аас эрүүдэн шүүхтэй холбоотой асуудлыг судлах ажлын хэсэг байгуулах, ҮАБЗ-өөр хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн байна. Үүнээс гадна дахин хоёр асуудал хэлэлцсэн бөгөөд Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Улсын ерөнхий прокурорын орлогчийг томилох асуудлаар зөвшилцөх саналыг хэлэлцжээ. Ингээд яг одоо үүсээд буй эрүүдэн шүүх асуудлыг УИХ яаралтай шийдэх ёстой хэмээн прокурорын орлогчийг томилох асуудлыг хойшлуулах шийдвэр гаргасан байна.

Түүнээс гадна АТГ-ын дарга, дэд даргын томилгоог мөн хойшлуулжээ. Учир нь АТГ-ын даргын бүрэн эрхийн хугацаа дууссан эсэх асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүссэн, С.Зориг агсны хэргийн асуудлыг яаралтай хэлэлцэх шаардлага байгаа учраас хэлэлцэхээс хойшлуулсан байна.