АТГ: ЖДҮХС-гийн зээлтэй холбоотойгоор нэр бүхий 5 гишүүнийг яллагдагчаар татсан

АТГ-аас өнөөдөр мэдээлэл хийсэн. Энэ үеэр ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдтэй холбоотой мэдээллийг өгсөн.

Тодруулбал, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлагч мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар "ЖДҮХС-гийн зээлийг зориулалтын бусаар олгосон, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэж үзээд таван гишүүнийг яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн. ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой хэрэг материалыг шалгаад зориулалтаар олгосон, зээл авсан иргэн, ААН-үүдтэй холбоотой хэргийг хааж байгаа. Харин таван гишүүнтэй холбоотой зээлийн материал, холбогдох материалуудад мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа" гэсэн юм. Түүнчлэн тус газраас 60 орчим албан тушаалтныг ЖДҮХС-гийн зээлийн асуудлаар шалгаж байгаа бөгөөд эдгээр УИХ-ын таван гишүүний асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. Үлдсэн албан тушаалтнуудын баримт дээр шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Гэхдээ эдгээр албан тушаалтан нь бүгд хууль бусаар ЖДҮХС-гаас зээл авсан гэж ойлгож болохгүй гэдгийг АТГ-аас анхааруулж байсан юм.