АТГ: С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт холбогдсон зарим хүнийг эрүүдэн шүүсэн нотлох баримтууд олдсон

АТГ-аас өнөөдөр гуравдугаар сард хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа танилцууллаа. Хэвлэлийн бага хуралд АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар нар оролцсон. Албаныхны мэдээлснээр тус газар төлөвлөгөөг хяналт шалгалтын хүрээнд 67 албан тушаалтны Хөрөнгө орлогын мэдүүлгийг нарийвчлан шалгаж улмаар зөрчил гаргасан хоёр албан тушаалтны цалинг бууруулах шийтгэл ногдуулжээ. Тодруулбал, Зээлийн батлан даалтын сангийн захирлын цалинг хоёр сар, нийслэлийн 32 дугаар сургуулийн захирлын цалинг нэг сарын хугацаатай бууруулах арга хэмжээ авчээ. Мөн Монголбанкны захирал асан Г.Золжаргалыг шалгаж буйгаа дуулсгасан. Ингэхдээ түүнийг гурван асуудлаар шалгаж шалгаж байгаа бөгөөд нэгдүгээрт, хүү багатай зээл олгосон, Австри улс руу их хэмжээний мөнгө шилжүүлж, орон сууц худалдан авсан зэрэг асуудлаар шалгаж байгаа аж. 

Энэ тухай АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар хэлэхдээ "Монголбанкны захирал асан Н.Золжаргал арилжааны банкинд бага хүүтэй зээл олгосон нь тогтоогдсон. Улмаар 2018 оны зургаадугаар сард АТГ-аас энэ бол хууль бус шийдвэр. Хууль бус зээл олон байгаа учраас энэ асуудлаа эргэж хянаж үзээч гэсэн мөрдөгчийн мэдээллийг хүргүүлсэн. Энэ мэдээллийн дагуу Монголбанкнаас ажлын хэсэг байгуулагдаад асуудлыг шийдвэрлэж байгаа байх. Мөн Австри улс руу санхүүгийн хамтарсан мөрдөн шалгах ажиллагаа явуулах даалгавар хүсэлтээ өгөөд, тодорхой нотлох баримтууд ирсэн. Хоёрдугаар улиралд багтаагаад хэргийн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна" гэсэн юм. Мөн Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавтай холбоотой хэргийг тодруулахад "Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Хэргийн мөрдөн шалгалтын үр дүнгээсээ хамаараад хэргийн явц байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх байх" хэмээсэн. 

-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар зарим шүүгчийг шалгаж эхэлсэн гэсэн. Мөн АТГ-ын даргыг ажлаа өгөхийг шаардсан гэх мэдээлэл хэвлэлээр гарах боллоо. Та бүхэнд энэ асуудалтай холбоотой мэдээлэл байгаа юу?

-Газрын удирдлагыг ажлаа өгөхийг шахсан талаарх мэдэгдсэн зүйл алга. Жилийн өмнөөс удирдлагыг ажлаа өгөх ёстой гэх зүйл яригдаж эхэлсэн. УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад удирдлагыг өөрчлөх тухай асуудал орсон байна лээ. Хуульд тодорхой заалт байгаа. Тийм байтал нөгөө өнцгөөс асуудлыг тайлбарлаж байгаа. “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудал дээр  мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Зарим нэр бүхий шүүгчийг шалгуулах талаар хэвлэлээр мэдэгдсэн. Манайд бол шалгуулахаар баримт ирээгүй. Харин зарим шүүгч өөрийгөө шалгуулахаар хандсан байгаа.

-С.Зориг агсны амиа алдсан хэрэгтэй холбоотой асуудал танай дээр шалгагдах болсон мэдээлэл бий. Ямар асуудлыг нь шалгаж байна вэ?

-С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт зарим нэг хүмүүсийг эрүүдэн шүүсэн, гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомж зөрчсөн гэсэн мэдээлэл ирсэн. Нотлох баримтууд олдсон, үнэлэх, бэхжүүлэх ажил хийгдэж байна. Нууцад хамаарах асуудал учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Дөрвөн хүн цагдан хорьсон. Ажлын хэсэгт орсон хүмүүсийг 15 хоногийн хугацаатай саатуулсан, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна