МХЕГ:

“Эко алтан заамар” компанийн уурхайд гарсан ослыг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж. Тэгвэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өнөөдөр тус уурхайд хийсэн дүгнэлтийн талаар мэдээлэл өглөө. Албаныхны мэдээлснээр “Эко алтан заамар” компанийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн улсын байцаагчийн есөн заалттай дүгнэлт 2019 оны гуравдугаар сарын 18-ны өдөр гарсан ажээ. Мөн дээрх дүгнэлтийг 2019 оны гуравдугаар сарын 19-ны өдөр Уул уурхайн сайдад хүргүүлж тус компанид арга хэмжээ авч ажиллах тухай албан бичиг өгсөн байна.

МХЕГ-аас "Эко Алтан Заамар" ХХК-ийн талаар гаргасан дүгнэлтэд:

Тус компани нь геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас томилогдсон улсын комисст уурхайгаа хүлээлгэж өгөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан. Мөн техник эдийн засгийн үндэслэлийг шинээр боловсруулаад уг үндэслэлийнхээ дагуу байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээг хийгээгүйгээр үйл ажиллагааг явуулсан. Техник эдийн засгийн үндэслэлд заагдсан зураг төслийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй, мөрдөгдөж байх параметрийн хэмжээг баримталж ажиллаагүй ийм зөрчлүүд байгаа. Тус уурхайд техник эдийн засгийн үндэслэл хийгдэхэд геологийн усны судалгаа хийгдсэн байдаг. Энэ судалгаагаар гүний ус 51 метрт уст үе илэрсэн. Энэ уст үеийн талаар техник эдийн засгийн үндэслэлд усыг хэрхэн зайлуулах уу уст үеэс гарч болзошгүй эрсдэлийг хэрхэн бууруулах талаар зураг төсөлд заагаагүй нь гулсалт, нуралт үүсэх гол шалтгаан болсон байдаг. Түүнчлэн аюулгүй ажиллагааны дүрмийг баримталж ажиллаагүй байна. Бидний хийсэн эхний шалгалтаар эргэлтийн усан сангийн нуур доошоо нэвчсэн байх магадлалтай гэдэг анхны дүгнэлтийг гаргаж байсан. Үүнийг лабораторийн шинжилгээгээр уснаас дээж авсны хувьд дээд талын нуураас доошоо шүүрэлт ороогүй юм байна. Энэ бол гидергеологийн судалгаагаар гарсан шүүрлийн усны нөлөөлөл байсан юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн гэжээ. 

Мөн хөдөлмөрийн аюулгүй байдлаар хэд хэдэн заалт зөрчигдсөн. Тухайлбал, Засгийн газраас аж ахуй нэгжийн дотоод журмыг баталсны дагуу ААН дотоод хяналтыг явуулж байх ёстой. Тус компанид хөдөлмөрийн аюулгүй байдлын хууль зөрчигдсөн. Тухайлбал, ХАБ-ын ажилтнууд эрсдэлийн үнэлгээ хийгээд 2019 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр захиралдаа хүлээлгэн өгсөн байдаг. Үүнд ноцтой хоёр зөрчил илэрсэн. Нэгдүгээрт, ажлын байрны зааварчилгааг журам ёсоор хийхгүй байна гэдгийг эрсдэлийн үнэлгээгээр гаргаад ирсэн. Хоёрдугаарт, ХАБ-ын ажилчид гарах үр дагавар гэдэгт мөс хагарч уналтаас болж насосчид, ажилчид мөсөнд даруулах, техник хэрэгсэл эвдрэх аюултайг дурджээ. Эндээс харахад хэрэв уурхайн удирдлагууд тухайн үед энэ дүгнэлтийг уншиж танилцаад тодорхой арга хэмжээ авсан бол ийм харамсалтай явдал гарахгүй байсан. Одоогоор энэ компанийн үйл ажиллагааг  тодорхойгүй хугацаагаар зогсоосон. Гэхдээ эрүүгийн хэрэг үүсээд шалгагдаж байгаа учраас  тэрний дараа арга хэмжээ авна” гэжээ.