ЗГ:Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн нууц бичлэгийг ЗГ болон иргэдэд ил үзүүлэх нь зүйтэй гэж үзжээ

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн материалтай холбоотой асуудлыг нууцын зэрэглэлтэй хэлэлцжээ. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж өчигдөр энэ хэргийг шалгах явцад яллагдагч Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэмээн мэдээлсэн. АТГ-аас энэ хэргийг шалгаж улмаар Тагнуулын хоёр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хоёр гээд нийт дөрвөн хүнийн саатуулан шалгаж байгаа.

Тэгвэл өнөөдрийн хуралдаанд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ТЕГ-ын дарга Д.Гэрэл нар уг хэргийн талаар нэлээн дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ. Улмаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар яллагдагч нарыг эрүүдэн шүүсэн нууцын зэрэглэлтэй бичлэгийг гишүүдэд танилцуулах байжээ. Гэвч прокурор энэхүү бичлэгийг Засгийн газрын гишүүдэд үзүүлэхийг зөвшөөрөөгүй аж.  Энэ талаар Шадар сайд Ө.Энхтүвшин “С.Зоригийн хэрэгтэй холбоотой мэдээлэл сонслоо. Энэ ажиллагаа хэрхэн явагдсан, хууль ёсны дагуу байсан эсэх талаар л мэдээлэл солилцлоо. Ц.Нямдорж сайд болон Тагнуулын ерөнхий газрын дарга нар хуралдаанд мэдээлэл өгсөн. Ялангуяа яллагдагч нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг үзэх гэсэн боловч прокурорын зүгээс зөвшөөрөөгүй. Ер нь бол энэ бичлэгийг гишүүдэд болон олон нийтэд ил болгох ёстой. Энэ бичлэгийг ил болгох, үзэх ёстой гэж шийдвэр гаргасан" гэлээ.

Ингэснээр, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хэрэг хүлээлгэхийн тулд эрүүдэн шүүсэн гэх нууц бичлэгийг Засгийн газар болон иргэдэд ил үзүүлэх нь зүйтэй гэж Засгийн газрын гишүүд үзсэн байна.