АБГББХ: ЗХЖШ-ын даргад нэр дэвшигчийг гишүүдийн 93,3 хувийн саналаар дэмжлээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Зэвсэгт хүчний Жанжин штаб (ЗХЖШ)-ын даргыг томилох асуудлыг хэлэлцлээ. Ерөнхийлөгчийн зүгээс хошууч генерал А.Ганбатыг ЗХЖШ-ын даргаар томилох асуудлыг зөвшилцөхөөр УИХ-д хүргүүлсэн. Улмаар тус байнгын хороогоор энэ асуудлыг хэлэлцээд нэр дэвшигчийг хуралдаанд оролцсон гишүүдийн 93.3 хувийн саналаар дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулахаар тогтлоо. Хуралдаанд оролцсон гишүүдийн зүгээс зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдэд сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, цэргүүд амиа алдсан хэргийг шийдвэрлэхэд анхаарахч ажиллахыг нэр дэвшигчид захисан. Мөн хэлэлцсэн  асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж,  асуулт тодруулсан юм.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "А.Ганбат нь бүх шатны ангийг дамжсан цэргийн дээд сургуулиудыг Монголоос алтан медальтай төгссөн цөөхөн хүний нэг. Хамгийн гол нь  Монголын Зэвсэгт хүчний шилдэг дарга нарын гараар бэлтгэгдсэн, Цэргийн шинжлэх ухааны доктор ийм хүн. Таныг ЗХЖШ-ын дарга болно гэдэгт итгэлтэй байна. Гурван асуулт байна. Олон улсад Монгол Улсын зэвсэгт хүчний үүрэг өндөр. Цааш нь энэ үйл ажиллагаагаа улам өргөтгөх энхийн ажиллагаанд оролцох хүч нөөцөө нэмэгдүүлэх зорилттой ажилладаг. Мөн дотоодын байлдааны ангиудын зэвсэг техник боловсон хүчнийг дээшлүүлэх, эх орноо хамгаалах үндсэн үүргийг чанаржуулах ажил тодорхой хэмжээгээр хоцрогдсон. Үүнтэй холбоотойгоор цэргүүдийн сахилга бат зарим газар суларсан. Нийгмийг доргиосон үйл явдал боллоо. Тиймээс яаралтай цэргийн сахилга батыг сайжруулах шаардлага үүссэн. Орчин үед кибер хүч гэдэг шинэ ойлголт бий боллоо. Монголын Зэвсэгт хүчин энэ хүчийг бий болгох зайлшгүй шаардлага байна.  Мөн барилгын инженерийн ангиудыг эх орны бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд оролцуулах саналыг Ерөнхийлөгч ярьж байгаа. Үүнийг би ч дэмжиж байна. Гэхдээ нэг анхаарах зүйл нь байлдааны ангиуд үүнд оролцдоггүй" гэсэн. Үүнд ЗХЖШ-ын даргад нэр дэвшигч А.Ганбат "Миний өмнөх ажиллаж байсан зэвсэгт хүчний удирдлага, дарга нарын явуулж байсан энхийг дэмжих үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх чиглэлд гаргасан амжилт бүтээлийг нь улам төгөлдөржүүлж шинэ шатанд гаргах чиглэлд идэвхийлэн ажиллана. Инженерийн анги салбарын орон тоо, бүтцийг шинээр харж, үүнд цэргийн албан хаагчдыг оролцуулах асуудалд ажиллах зайлшгүй шаардлага бий. Таны хэлсэнчлэн кибер аюулгүй байдал, довтолгооны чиглэлд өөрийн зүгээс бодсон , төлөвлөсөн зүйл бий. Ерөнхийлөгч Х.Баттулга “Нэг цэрэг-нэг бүтээн байгуулалт” гэсэн төслийг санаачилсныг би дэмжиж байгаа. Төсөлд манай салбар хэрхэн яаж оролцох вэ гэдгээ хуулийн хүрээнд болон Зэвсэгт хүчний өөрийн боломжийн хэмжээгээр оролцох боломжтой" гэсэн юм.

ЗХЖШ-ын даргад нэр дэвшигч А.Ганбатын намтар:

-1962 онд Улаанбаатар хотод төрсөн.

-1969-1979 онд Д.Сүхбаатарын нэрэмжит Улаанбаатар хотын арван жилийн II дунд сургууль,

-1979-1983 онд ЗХУ-ын Одесс хотын Цэргийн нэгдсэн дунд сургууль,

-1988-1991 онд ЗХУ-ын Москва хотын М.В.Фрунзын нэрэмжит Ерөнхий цэргийн академи,

-1998-2000 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академи,

-2004 онд АНУ-ын Калифорни мужийн Монтерей хотын Тэнгисийн цэргийн сургалтын дараах сургуулийн Батлан хамгаалах нөөцийн менежментийн дээд дамжааг тус тус төгссөн байна.