Ц.Нямдорж: С.Зоригийн аминд халдсан хэрэгт эрүүдэн шүүх ажиллагаа явагдсан. Би Содномдаржаа Чимэгээ нарын ар гэрээс уучлал гуйж байна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлыг хэлэлцжээ. Үүнтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрбээр “Засгийн газрын хуралдаанаас “Эрдэнэт” үйлдвэрийг улсын өмчит үйлдвэрийн газар болгох шийдвэр гаргасан. Цаашдаа “Эрдэнэт” үйлдвэр улсын үйлдвэрийн газар гэсэн статустайгаар ажиллана. Мөн энэ үйлдвэрийн газрын захирлыг Засгийн газраас томилно. Түүнчлэн "Монросцеветмент"-ийн захирлыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас томилж байх шийдвэр гаргасан хэмээсэн юм. Үүний дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-"Эрдэнэт" үйлдвэрийг улсын өмчит үйлдвэрийн газар болгохоор бүтэц зохион байгуулалтын хувьд ямар өөрчлөлт гарах бол?

-100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар болж байгаа учраас захирлыг нь шинээр томилж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар ТУЗ-ийг томилно. Удирдлагын тухайд Х.Бадамсүрэнг байлгах уу, үгүй юү гэдгийг Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ дагуу шийдэж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх байх. Тогтоол батлагдсаны дараа захирлын асуудлыг ярина. 

-Тэгэхээр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудал яаж шийдэгдэнэ гэсэн үг вэ?

-УИХ болон Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарчихсанэ. Энэ хэргийг одоо шалгаж байгаа. Одоо илүү нарийвчлан шалгах шаардлага бий. Энэ ол зөвхөн нэг үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан тухай асуудал биш. Монголд мафи оршин тогтнох уу, үгүй юү гэдэгт төр хариу өгнө.

-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хамаарал бүхий галлерейгээс уран зураг хураасан гээд байгаа. Та энэ талаар мэдээлэл өгөөч? 

-Хэвлэлээр гарсан мэдээлэлтэй л байна. Прокурорын түвшинд ажиллагаа хийгдсэн гэсэн. Их тэнгэрт байсан зарим нэг зураг галлерейд байсан зураг байж болзошгүй гэж хурааж авсан байна. Ажиллагаа хийгдэж байгаа. 

-С.Зориг агсны хэргийг шалгасан ажлын хэсгээс дөрвөн хүн саатуулсан гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч? 

-С.Зоригийн амь насанд халдсан хэрэгт эрүүдэн шүүх ажиллагаа явагдсан. 1937 оны бүх аргыг хэрэглэсэн. Энэ нь тодорхой болж байгаа. Би Содномдаржаа Чимэгээ нарын ар гэрээс уучлал гуйж байна. Би энэ насандаа уучлал гуйж үзээгүй энэ удаа уучлал гуйж байна.. Ийм муухай хэлмэгдүүлэлт дахиж гарах ёсгүй.. Би энэ асуудлыг дуустал нь явах болно. Чимгээ, Содномдаржаа нарыг ѳчигдѳр эмнэлэгт хэвтүүлсэн.  Би эмнэлгээс нь шууд гаргачих юм сан гэж бодож байгаа.