Ерөнхийлөгч Ш.Эрдэнэбилэгийг УЕП-ын орлогчид нэр дэвшүүлжээ

Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбатын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан түүнийг орлох хүнийг томилох саналаа Ерөнхийөгч УИХ-д хүргүүлсэн. Тодруулбал, Улсын ерөнхий прокурорын орлогч Г. Эрдэнэбатын бүрэн эрхийн хугацаа энэ оны нэгдүгээр сарын 08-ны өдөр дуусгавар болсон бөгөөд түүнийг Монгол Улсын Ерөнхий Прокурорын орлогч, Төрийн Хууль Цаазын Шадар зөвлөхөөр 2013 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр томилсон.  Мөн тэрбээр УЕПГ-ын Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан даргаар ажиллаж байсан юм.

Тэгвэл УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэхээр товлосон бөгөөд хэлэлцэх асуудлын дараалалд оруулаад байгаа. Тэгвэл Улсын ерөнхий прокурорын орлогчоор Сонгинохайрхан дүүргийн прокурор, хууль цаазын шадар зөвлөх Ш.Эрдэнэбилэгийг томилуулахаар Ерөнхийлөгчийн зүгээс саналаа илэрхийлжээ. Прокурорыг Ерөнхийлөгч санал болгож, УИХ-тай зөвшилцөх ёстой бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь зургаан жил байх юм.

Хуулийн дагуу Монгол Улсын прокурор нь хуульчийн мэргэжлээр гурваас доошгүй жил ажилласан байх, 25-аас дээш насны, прокуророор таваас дээшгүй жил ажилласан байх зэрэг хуулийн зохицуулалттай юм байна.

Харин нэр дэвшигч Ш.Эрдэнэбилэгийн хувьд 14 орчим жил прокуророор ажилласан, Дорнод, Булган аймагт мөн ажиллаж байжээ.  Одоо тэрбээр Сонгинохайрхан дүүргийн прокурор, хууль цаазын шадар зөвлөхөөр ажиллаж байгаа юм.