Чуулган: Яамдууд зөвхөн өөрийн хэрэгцээний бараа үйлчилгээнд тендер зарладаг болж байгаа

УИХ-ын чуулганы хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ хууль нь төрөөс зарлаж байгаа тендерийн үйл явц болон тусгайлан агентлаг байгуулах зэргийг зохицуулж байгаа юм. Төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хийж байгаа бөгөөд тэрбээр гадаадын төсөл хөрөнгөөр төсөл хэрэгжүүлэхэд худалдан авалт 6 сараас нэг жилийн хугацаатай шалгаруулалт хийдэг. Ийнхүү хугацаа сунгаснаас 400-500 сая төгрөгийн алдагдал хүлээдэг талаар хэлэв.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Монгол төрөөс хулгай хийдэг концесс, тендер, Засгийн газрын тогтоол гурван арга байдаг гэж би боддог. Тендер дээр хамгийн бага үнийн дүнг хэлж ялчихаад дараа нь үнээ нэмдэг. Ялж авах нь нэгдүгээрт чухал болчихоод байна. Үндэсний бүтээгдэхүүнийг авахад ямар зохицуулалт орох вэ. Хямд бараа БНХАУ-д байгаа. Нэг тор авахад материалын үнэ оёдлын үнэ гээд энд хийх нь БНХАУ-аас авахаас үнэтэй тусдаг. Тэгэхээр бид үндэсниий үйлдвэрийг дэмжиж, ажлын байр бий болгох ёстой. Энэ асуудлыг хэрхэн зохицуулж байна вэ.

Ажлын хэсэг: Бага үнийг сонгож байгаа тал дээр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд заалт бий. Шалгуураа хангасны дараа л үнэ ярьдаг. Ойлголтын зөрүүг арилгах үүднээс хоёр заалтыг нэгтгэсэн. Нэмэлт өөрчлөлтөөр үндэсний үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр чанар стандартын шаардлага хангасан бараанд гадны компанийг оролцуулахгүй байх заалт, дотоодын үйлдвэрлэгчид давуу эрх олгоно, дотоодод үйлдвэрийн барааг импортоос тусад нь багцлах, ерөнхий гэрээгээр дотоодын үйлдвэрийг дэмжих зохицуулалтууд орсон. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Тендерийн хуультай холбоотой маш олон хууль байдаг. Энэ хуульд доод үнийн санал гэж байгаа юу. Хэрэв байгаа бол жижиг дунд үйлдвэрлэгч тендерт орохоор бол үнийн дүнгийн 10 хувийг өөрчлөх үү. Мөн нийт тендерийн хэдэн хувь нь дотоодын худалдан авалт буюу жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих вэ.

Ажлын хэсэг: Хууль өөрчлөх болсон эхний шалтгаан бол дотоод худалдан авалтыг нэмэгдүүлэхийн тулд өөрчлөлт оруулж байгаа. Энэ чиглэлээр хэд хэдэн нэмэлт, өөрчлөлт орж байгаа учраас 10 хувийг 15 хувь болгох шаардлагагүй гэж үзсэн. Зөвхөн дотоодын үйлдвэрлэгч нар үйлдвэрлэж чадаж байгаа бол зөвхөн дотоодын үйлдвэрлэгчид оролцоно гэсэн агуулгатай заалт орж байгаа. Дотоодын худалдан авалтыг нийт худалдан авалтын 10 хувьд хүргэнэ гэсэн заалтыг хэрэгжүүлэхийн тулд зохицуулалт оруулсан. Дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой бол импортын барааг худалдан авахгүй байх зохицуулалт оруулж байгаа.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Өнгөрсөн хугацаанд Тендерийн хуулийг 23 удаа өөрчилсөн байдаг. Өөрчлөөд өөрчлөөд өөдөлдөггүй л хууль байна. Төрийн албан хаагчид, эрх мэдэлтэй албан тушаалтнууд тендерийг өөрийн хамаарал бүхий компаниар хийлгэдэг асуудал олон байдаг. Эдгээр асуудлыг шинэ хуулийн төсөлд хэрхэн тусгаж, засаж залруулж байгаа юм. 

УИХ-ын гишүүн Н.Учрал: Хууль өөрчиллөө гээд яамд тендер зарладаг байдал арилахгүй. Бодлого боловсруулдаггүй. Тендерээс тендерийн хооронд л яамд ажиллаж байна. Шинэ сайд очоод яамны санхүү, хөрөнгө оруулалтын даргаараа өөрийн хүнээ тавьдаг. Яамд бодлого биш тендертэй зууралдаж байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Яамд тендер биш бодлого ярьдаг байх ёстой. Тиймээс ч тусдаа худалдан авалтын агентлаг байгуулахаар тусгасан. 

Сангийн яам: Хоног хугацааны хувьд цахимаар тендер зарлахад долоо хоног зарцуулдаг болж байгаа. Яамдууд зөвхөн өөрийн хэрэгцээний бараа үйлчилгээнд тендер зарладаг болж байгаа. 

buzznews.mn