ОЛИМПИЙН ГУДАМЖИЙГ ЭНЭ САРЫН 25, НАЛАЙХ ЧИГЛЭЛИЙН ЗАМЫН ИРЭХ САРЫН 15-НААС ХААНА

Энэ зун нийслэл хот болон Налайх, Дарханы замд томоохон бүтээн байгуулалтын ажил өрнөнө. Тэгвэл Замын цагдаагийн гүүрэн гарцын барилгын ажил ирэх даваа гарагт эхлэх гэж байгаатай Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл хийлээ. Тодруулбал, ирэх даваа гарагаас Олимпийн гудамжны замын хөдөлгөөнийг хаах аж.

Энэ тухай Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбат “Өмнөх жил гүүрэн гарцын барилгын ажил эхлэхэд Олимпийн гудамжны замын хөдөлгөөнийг бүрэн хаасан. Тэр дагуу гүүрэн гарцын барилгын ажил үргэлжлэхтэй холбогдуулан гуравдугаар сарын 25-наас Олимпийн гудамжны замын хөдөлгөөнийг хаана. Өвлийн улиралд гүүрэн гарцын барилгын ажил түр зогссон учраас замын хөдөлгөөнийг өвлийн улиралд хэвийн үргэлжлүүлэхээр Олимпийн гудамжны замын хөдөлгөөнийг түр хугацаанд нээсэн байсан. Олимпийн гудамжны замын хөдөлгөөн хаагдсантай холбоотойгоор Автозамчдын гудамж, Гэндэнгийн гудамж, Нарны замын ачаалал эрс нэмэгдэнэ. Тиймээс жолооч нар маань энэ замыг сонгон явахгүй байхыг зөвлөж байна. Хэрвээ эдгээр замыг сонгон хөдөлгөөнд оролцож байгаа бол замын хөдөлгөөний дүрмээ биелүүлээрэй” хэмээсэн. Мөн Нийслэлийн Авто зам хөгжлийн газрын орлогч дарга Ц.Индра “Налайхын замын засварын ажлын бэлтгэл хангагдаад явж байна. Тус чиглэлийн замын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Симогидро” компани, туслан гүйцэтгэгчээр Монголын замын компаниуд ажиллана. Ерөнхий сайдын чиглэл өгснөөр зам барилгын ажлуудыг 2019 оны аравдугаар сард дуусгах үүрэг өгсөн. Энэ чиглэлийн дагуу бүх барилгын графикийг хүн, хүч, техник хэрэгсэл нэмж, Налайхын хоёр эгнээ автозамыг дөрвөн эгнээ болгохоор ажиллана. Тиймээс Налайхын чиглэлийн замын хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 15-наас хаахаар төлөвлөж байна. Харин зам барилгын ажил дөрөвдүгээр сарын 1-нд эхэлнэ” гэв.

Дашрамд мэдээлэхэд БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Замын Цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Уг ажлын хүрээнд Хоум Плазагийн уулзвараас Нарны зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, гүүрэн гарцын барилгын ажлыг 2018 онд эхлүүлсэн юм.