"Хэвтүүл" хөдөлгөөнийхөн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулахаар гомдол гаргаж буй ажээ. Энэ талаар дөнгөж сая мэдээлэл хийлээ. "Хэвтүүл" хөдөлгөөний гишүүн Л.Алтансүхийн хэлснээр Монгол Улсад нийтдээ 155'060 аж ахуй нэгж бүртгэлтэй байдаг бөгөөд эдгээрийн 78'815  нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг ажээ. Мөн эдгээрийн 86 хувь нь буюу 62'812 аж ахуй нэгж нь жижиг дунд үйлдвэрлэгч гэсэн ангилалд багтдаг бөгөөд 800 гаруй мянган иргэн ажилладаг байна. Энэ тухай тэрбээр "Уг нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь Засгийн газрыг удирдаж, хууль хэрэгжүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцах ёстой.  Гэтэл хууль хэрэгжүүлэх бус Засгийн газрын харьяа тусгай сангийн мөнгийг өөртөө болон Засгийн газарт давуу байдал бий болгох зорилгоор УИХ-ын гишүүдийг хахуульдсан талаар мэдээлэл хэвлэлүүдэд цацагдаж байгаа нь гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжиг таамагт хүргэж байна.  Яагаад гэвэл ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүд нь У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болоход нь дэмжсэн, Засгийн газрыг нь унагахын эсрэг кноп дарсан гишүүд. Иймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг УИХ, Засгийн газрын гишүүдэд хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гомдлыг гаргаж байна" гэлээ.

Мөн жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт ажилладаг, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хөдөлмөр эрхлэгчдийн ард 1-5 хүн ажилладаг гэж тооцвол нийтдээ 1 сая гаруй хүн ЖДҮХС-аас зээл авч өөрсдийн бизнес эрхлэх бололцоог УИХ-ын болон Засгийн газрын гишүүд хулгайлжээ гэсэн үг. Гэтэл иргэд хэчнээн хувийн хүүтэй зээл авч байгаа билээ. Үүнийг манай "Хэвтүүл" хөдөлгөөнийхөн тэвчиж чадахгүй байна. Бид олон удаагийн жагсаал хийсэн. Эрх баригч нар таг дүлий юм шиг байж байна. Энэ намыг, Засгийн газрыг тэргүүлж байгаа У.Хүрэлсүх хууль зөрчсөн байж болзошгүй гэсэн үндэслэлүүдийг энэ бичгээр мэдэгдэж байна гэсэн юм.