С.Зоригийн хэргийг шалгаж байсан албан тушаалтнуудаас дахин хоёр хүнийг саатууллаа

Чингэлтэй  дүүргийн шүүхээс С.Зоригийн хэргийг шалгах ажлын хэсэгт ажиллаж байсан Тагнуулын ажилтан Н.Б нарыг 14 хоног баривчлах шийдвэр гаргаад хоёр хонож байна. Тэгвэл өчигдөр орой дээрх хэргийг шалгаж байсан хүмүүсээс дахиад хоёр хүнийг саатуулжээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар өчигдөр баривчилагдсан хоёр хүний нэг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт албаны даргаар ажиллаж байсан хүн бол нөгөө нь  Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажилтан байсан аж. Ингэснээр дээрх дуулиант хэргийг шалгаж байсан хүмүүсээс одоогоор дөрвөн хүнийг саатуулаад байна. 

Энд мэдээлэхэд С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял аваад байгаа хүмүүсийг гэмт хэрэгтэн болгохын тулд эрүүдэн шүүсэн гэдгийг ар гэрийнхэн нь хэлж байгаа. Тодруулбал, дээрх хэргийг үйлдсэн гэх үндэслэлээр 25 жилийн ял авсан Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа "2015 оны наймдугаар сарын 31-ний өглөө 9:00  цагийн  орчим  хүүгийн маань хашааны хаалганы үүдэнд машинтай хүмүүс ирж зогссон.  Хүү маань ямар хүмүүс манайд ирдэг билээ гээд очтол машинд чихэн оруулан  хааш нь ямар хэргээр авч яваагаа өөрт нь ч, гэрийнхэнд нь ч мэдэгдэлгүй авч явсан юм. Бид араас нь дөрөв хоног хөөцөлдөж яваад олоогүй. Ингээд Төв  аймгийн хориход аваачсан болов уу гээд очтол тэнд байсан. Тэнд хорихдоо тагнуулынхан тусгай өрөө бэлдчихсэн байсан гэсэн. Тэнд  Итгэл гэж том биетэй байцаагч  хамт байгаад үг зааж өгч дарамталдаг. Дээр нь рецедив гэмт хэрэгтэн Ц.Амгаланбаатар орж ирж зодож,  баас, шээсээрээ цацаж дарамталдаг. Тэр хоёр нийлээд “Чи Зоригийг алаа биз дээ” гэж зодож нүдэж, эрүүддэг. Тэгээд  “Энэ хэргийг хүлээ. Хүлээхгүй бол гэртээ харихгүй” гэдэг байсан байгаа юм. Ц.Амгаланбаатар өрөөнд нь орж ирэн чиний хоолойг чинь хэрчинэ, нүдийг чинь сохолж,  чихийг чинь огтолно гэж сүрдүүлэн зодож, энэ хэргийг хүлээлгэхээр тагнуулынхантай хамтарч байсан байдаг. Энэ хэргийг зохион байгуулагчид нь ТЕГ, прокурор, шүүхийнхэн шүү дээ. Хэргийг нуун дарагдуулж байгаад эгэл жирийн иргэдэд үүрүүлж, ард түмнийг төөрөгдүүлэх гэсэн эмгэнэлт жүжгийг тавьсан. Тэрийг нь ард түмэн маань харин  ойлгож байгаа" хэмээн ярьсан байсан юм. 

Юутай ч Цагдаа, Прокурор, Тагнуулынхан дээрх хэргийн сэжигтнүүдийг эрүүдэн шүүсэн эсэхийг шалгахаар хамтарсан ажлын хэсэг гаргасан бөгөөд шалгалтын явцад С.Зоригийн хэргийг шалгаж байсан Тагнуулын хоёр ажилтанг саатуулаад байсан. Тэгвэл ийнхүү дахиад хоёр хүнийг саатууллаа. Дашрамд мэдээлэхэд АТГ-аас энэ хэргийг мөн давхар  шалгаж байгаа. Учир нь Цагдаа, тагнуулын байгууллагын ажилтнуудыг шалгадаг, хариуцлага тооцдог байгууллага  өмнө нь Прокурорын  дэргэдэх Мөрдөн байцаах газар  байсан. Харин одоо энэ чиг үүрэг хуулиараа АТГ-т шилжсэн бөгөөд энэ дагуу АТГ-аас С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийнхэн хууль зөрчсөн эсэхийг нягтлан шалгасаар байгаа юм.