С.Баярцогт: Нэгдүгээр сард Шейвцарын Прокурорын газраас надад ирүүлсэн материалыг би АТГ-т өгсөн

УИХ-ын дарга Г.Занданшатар нэр бүхий гишүүдтэй хамт Швейцарт албан айлчлал хийгээд ирсэн. Тэгвэл энэ айлчлалын бүрэлдэхүүнд УИХ дахь Оффшорын эсрэг бүлгийн ахлагч Т.Аюурсайхан багтаж явсан бөгөөд тэрбээр тус улсад айлчлах үеэрээ Швейцарын хууль хяналтын байгууллагууд болон Прокурорын байгууллагын удирдлагуудтай уулзалт хийсэн. Энэ үеэр Сангийн сайд асан С.Баярцогтын оффшор бүсэд нуусан 5 данс, их хэмжээний ам.долларын гүйлгээтэй хуулгуудыг манай талд хүлээлгэн өгсөн хэмээн мэдээлсэн. Харин түүний энэ мэдээллийг айлчлалын бүрэлдэхүүнд багтаж хамт явсан УИХ-ын гишүүн О.Баасанхүү болон Ц.Пүрэвдорж нар үгүйсгэж байсан.  

Тэгвэл УИХ-ын гишүүн асан С.Баярцогт дөнгөж сая Швейцарын холбооны улсаас өөрийнх нь дансны хуулгыг ирүүлсэн гэх асуудлаар мэдээлэл хийлээ.Ингэхдээ тэрбээр "Би энд хоёр зүйлийг онцгойлж тайлбарлах ёстой. Нэгдүгээрт, Монгол Улсын төрийн болон хууль хүчний байгууллагууд Швейцарын холбогдох байгууллагуудтай хамтран ажилласан үйл ажиллагааг нэг хүний гавьяа мэтээр ойлгуулж, тайлбарлаж байна. Энэ нь Швейцарын холбогдох байгууллагуудад буруу ойлголт төрүүлж, цаашид үйл ажиллагаа явуулахад нь хүндрэл учруулах зүйл ажиглагдаж байна гэж Монгол Улсын төр засгийн байгууллагуудад олон жил ажилласан хүний хувьд харж байна. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өнөөдөр хэвлэлийн бага хурал хийхдээ энэ мэдээллийг ирүүлэх, энэ хэрэгт нэр холбогдсон хүмүүс аль болохоор ирүүлэхгүй байх тал дээр нь ажиллаж байна гэдгийг тайлбарыг өгсөн учраас би энэ хоёр зүйлийг бодитой баримттай няцаах үүднээс  та бүхэнтэй уулзаж байна. Т.Аюурсайхан гишүүний авчирсан гээд байгаа материал надад өнгөрсөн нэгдүгээр сард ирснийг АТГ-т өгсөн" хэмээн тодотгосон юм. 

Тэрбээр цааш нь “2016 оны арванхоёрдугаар сард Байгаль орчныг хамгаалах хуульчдын холбооны дэд тэргүүн Туяацэцэг гэдэг хүний хүсэлтээр офшор данстай холбоотой хэргийг АТГ надад нээсэн. Тухайн үед Туяацэцэг гэдэг эмэгтэй С.Баярцогтын данс руу 9.2 сая ам.доллар орсон байна. Үүнийг шалгах ёстой гэсэн юм билээ. Үүнийгээ Швейцарын хэвлэл мэдээлэл дээр гаргаад улмаар Шейвцарын талд хандсан юм билээ. Энэ үйл явцтай холбогдуулаад 2017 оны дөрөвдүгээр сард АТГ-аас прокурорын байгууллагаар дамжуулаад миний данстай холбоотой мэдээлэл болон холбогдох бүх баримтыг Монголын талд өгөх асуудлыг тавьсан. Швейцарын холбооны улс болон Монгол Улс хоёр эрх зүйн харилцан туслалцах гэрээ байхгүй учраас мэдээлэл өгөх үүрэггүй. Энэ албан тушаал, мөнгө угаасан хэрэг байж болзошгүй гэдэг үндэслэлүүдийг тавьсан дээрээс нь хэвлэл мэдээллээр гарсан учраас Швейцарын холбооны улсын прокурорын байгууллага 2017 оны аравдугаар сард эрүүгийн хэрэг нээсэн байсан. Тодруулбал, Монгол Улсад эрх зүйн туслалцаа үзүүлэх үү, үгүй юү гэж хэрэг нээсэн юм байна. Үүний дараа холбогдох банкнуудаас материалыг нь аваад, миний данс нээсэн байсан банкны хоёр менежерээс гэрчийн мэдүүлэг авч, мөн миний дансны хуулга гэх мэт бүх материалыг Монгол руу явуулах Швейцарын холбооны прокурорын байгууллагын шийдвэр 2018 оны арванхоёрдугаар сард гарсан. Ингээд үүнийг та бүхэн эсэргүүцэж болно. Хэрвээ эсэргүүцвэл Швейцарын холбооны улсын Дээд шүүх, Давж заалдах шатны шүүх гээд гурван шатны шүүхээр явах юм байна. Тэгвэл дахиад бараг хоёр жил энэ процесс үргэлжилнэ гэсэн. Үүний үр дүнд Монголд материал ирэхгүй ч байж болох нөхцөл байдал үүссэн. Тиймээс би өмгөөлөгчдөө энэ материалыг Монгол руу явуулах хүсэлт тавьсан. Ингээд надад 2019 оны нэгдүгээр сарын 11-нд Шейвцарын холбооны улсын Прокурорын газраас материалыг ирүүлсэн. Харин би бүх материалыг АТГ-т өгсөн" гэсэн юм.

Мөн тэрбээр "Би Т.Аюурсайхан гишүүний баатарлаг үйлсийн талаар тайлбарлая. Миний ойлгосноор дипломат шуудан тухайн улсын Элчин сайдын яамны Консулын газраар дамжуулан дипломат паспорттай хүнээр өгч явуулдаг. Нууцын зэрэглэлтэйгээр ирүүлдэг гэсэн үг. Швейцарын холбооны улсын Прокурорын газраас ирүүлсэн материал УИХ-ын даргын айлчлалтай давхацсан юм шиг байна. Харин Т.Аюурсайхан гишүүн дипломат шуудан зөөж авч ирж байхдаа задалж уншсан, эсвэл дипломат шуудан өгсөн хүн нь С.Баярцогт гэдэг хүнтэй холбоотой дансны хуулга, материал байгаа гэж хэлсэн болов уу гэж бодож байна" гэсэн юм.