Т.Аюурсайхан: ШВЕЙЦАРЫН ТАЛ С.БАЯРЦОГТЫН ДАНСНЫ МЭДЭЭЛЛИЙГ ГАРГАЖ ӨГСӨН НЬ ҮНЭН

УИХ-ын дарга Г.Занданшатар нэр бүхий гишүүдтай хамт Швейцарьт ажлын айлчлал хийгээд ирсэн. Айлчлалын багийнхан Монголд ирсний дараа УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Сангийн сайд асан С.Баярцогтыг оффшор дансанд байдаг таван дансны хуулгыг авчирсан" хэмээн ѳѳрийн цахим хуудсандаа нийтэлсэн юм.

Гэвч түүний энэ мэдээлэл худлаа гэдгийг дээрх айлчлалын бүрэлдэхүүнд багтаж явсан УИХ-ын гишүүн Ц.Пүрэвдорж болон О.Баасанхүү нар хэлсэн. Ингэхдээ тэд "Т.Аюурсайханы хэлээд байгаа шиг тийм уулзалт болоогүй. Тодруулбал, Швейцарьт гишүүд ажиллах үеэрээ тус улсын хууль хяналтынхантай огт уулзаагүй. Т.Аюурсайхан ганцаараа шөнө дөлөөр уулзчихаагүй л бол өдрийн цагаар ийм уулзалт болоогүй. С.Баярцогтод хамаарах дансны мэдээлэл биднийг Швейцарьт айлчлахаас 14 хоногийн өмнө Гадаад харилцааны яаманд ирсэн юм билээ” гэсэн тайлбарыг өгсөн юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрбээр “С.Баярцогтын оффшор данстай холбоотой бүх мэдээллийг Монголд авч ирсэн. С.Баярцогтын Щвейцарын холбооны банкны таван дансан дахь мэдээллийг гаргаж өгсөн нь үнэн. Гэхдээ  ямар мэдээлэл авч ирснийг энд хэлэх боломжгүй. Энэ хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа учраас хэн хэн оролцож, ямар дансны хуулгууд байгааг хэлэх боломжгүй. Тус банкны хуулгууд нь ганц Оюутолгой ч гэлтгүй бусад том хэргүүд ч орох магадлалтайг харуулж байгаа. Дансны хуулга бүрийг мэдээлбэл энэ нь мөрдөн шалгах явцад саад болно. Цаашид нарийвчилсан мэдээллийг АТГ-аас авч болно. АТГ хуульд заасан боломжтой нөхцөлөөр ил тод ажиллахыг шаардана.

Энэ мэдээлэл УИХ-ын даргын айлчлалын хөтөлбөрт байгаагүй. Гэхдээ Швейцарын холбооны улсын банкнаас иргэн С.Баярцогтын нэр дээрх дансны дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн. Таван дансанд орсон гарсан гүйлгээ байгаа учраас лавшруулж шалгах шаардлага үүсч магадгүй. Өөр бусад эзэн холбогдогчийг тогтоож шалгаж  ч магадгүй. Энэ бүхнийг манай талд гаргаж өгөх боломжтой гэдгээ илэрхийлсэн. Миний хувьд Швейцарын холбооны улс ямар төрлийн баримт материалыг хүлээлгэж өгсөн бэ гэдэг талаар мэдээлсэн. Бусад мэдээллийн агуулгатай холбоотой асуудлыг мөрдөн байцаах ажиллагааны үед мэдээлэх нь хориотой. Хууль шүүхийн байгууллагууд хуулиа биелүүлж ажиллах энэ чиглэлд УИХ-ын зүгээс хяналт тавьж шахаж шаардаж ажиллана. Тус айлчлалын үеэр ажил хэргийн уулзалтуудыг зохицуулж хийсэн учраас айлчлалын бүрэлдэхүүнд багтсан Б.Пүрэвдорж, О.Баасанхүү нар мэдэхгүй байгаа гэсэн юм.

Улмаар тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Айлчлалын бүрэлдэхүүнд багтсан гишүүд дээрх мэдээллийг үгүйсгээд байхад та үнэн гэж хэлээд байгаа нь ямар учиртай юм бэ. Энэ мэдээлэл 14 хоногийн өмнө ГХЯ-д ирсэн байсан гэсэн?

-Айлчлалын бүрэлдэхүүнд багтсан гишүүд ямар ч мэдээлэлгүй, үүрэггүй явсан хүмүүсийн ташаа мэдээлэл. Энэ мэдээллийг би хэрэв олон нийтэд дэлгээгүй байсан бол цаашид дарагдахыг үгүйсгэхгүй гэдгийг энэ үйл явцаас харж байна. ГХЯ-нд 14 хоногийн өмнө С.Баярцогтын оффшор данстай холбоотой мэдээлэл ирээгүй гэдгийг албан ёсоор хэлье. Айлчлалын бүрэлдэхүүнд явсан хүмүүсээр дамжиж гуравдугаар сарын 15-ны өглөөний МИАТ-ийн онгоцоор ирсэн. Яг одоо  ГХЯ дээр байгаа мэдээллийг би саяхан авсан. Асуудлын гол нь хэндээ биш үр дүн болоод Монголд ирсэн нь  чухал.

-Та тус баримтын гүйлгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юм уу?

-Гүйлгээний нарийн мэдээлэл нь мөрдөн байцаах ажиллагааны нууц учраас мэдээлэл өгөх эрхгүй.