НМХГ:  KFC-гээр үйлчлүүлсэн иргэдийн хордлого нэг эх уурхайтай шигелла нянгаар үүсгэгдсэн байсан

Зайсан дахь KFC түргэн хоолны газраар үйлчлүүлсэн иргэд хоолны хордлого болсонтой холбоотойгоор тус газрын үйл ажиллагааг түр хугцаагаар хаагаад байсан. Тэгвэл НМХГ-аас өнөөдөр дээрх хордлого юунаас болж гарсан талаарх шалгалтын дүнг танилцууллаа. НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюушийн мэдээлснээр нийслэлд KFC-гийн12 салбар үйл ажиллагаа явуулдаг. Иймээс Зайсан дахь KFC салбараас гадна бусад 11 салбарт хяналт, шалгалт явуулжээ. Улмаар шалгалтын явцад хэд хэдэн зөрчил илэрсэн. Тухайлбал, зарим салбар дээр ашиглаж байгаа ундааны концентрацийн хугацаа дууссан байсан бол KFC хоолны газарт ажилладаг 410 хүний 9 нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаагүй байжээ. Энэ мэтчилэн 64 зөрчлийг илрүүлж, тухайн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авчээ. Мөн дөрвөн салбар дээр зөрчлийн хэрэг нээж, шалгалтын ажиллагаа явуулсан.
Мөн ажиллагааны хүрээнд зөрчлийг арилгуулж, тухайн салбарууд дээр 4 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан. Долоон салбар дээр улсын байцаагчийн албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч ажилласан. Үүнээс гадна "Зайсан KFC" салбарын үйл ажиллагааг прокурорын зөвшөөрөлтэйгөөр түр хугацаагаар зогсоосон. Мөн Зөрчлийн тухай хуулийн Зургадугаар бүлгийн 14.4 дүгээр зүйл, 15.3.1 дүгээр зүйл, 15.2 дугаар заалтуудыг үндэслээд 14 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Мөн 8.5 сая төгрөгийн хууль бус орлогыг хураасан. KFC-гээр үйлчлүүлсэн иргэдийн эрүүл мэндийн үзлэг, эм, эмнэлгийн үйлчилгээний төлбөр болох 49 сая 407 мянган төгрөгийг нөхөн төлүүлэх, барагдуулах арга хэмжээ авсан. Эмнэлгийн үзлэгт ороогүй есөн хүнийг Хан-Уул дүүргийн эмнэлэгт үзлэгт хамруулсан. Өвчтэй хүн илрээгүй гэсэн мэдээллийг өгсөн юм. Мөн KFC-ийн усан хангамжийг нийлүүлэгч "Си си эс эм жи" компанийн үйл ажиллагааг шалгасан. Зохих гэрээ зөвшөөрөлгүй, ус түгээч байсан. Зөрчлийн хэрэг нээж, 5 сая төгрөгийн торгууль ногдуулж, 15 сая төгрөгийн нөхөн төлбөр оногдуулж худгийн үйл ажиллагааг түр зогсоосон байна. Үүнээс гадна Мэргэжлийн хяналтын байгууллагын шинжилгээ, ХӨСҮТ-ийн шинжилгээний дүн, үйлчлүүлэгч, хохирогчдын мэдүүлэг зэрэг нь тохирсон. Ингэснээр халдварт өвчний дэгдэлт, шигэлийн үүсгэгч болох нь тогтоогдсон гэдгийг ч хэлсэн юм.

Энэ үеэр сэтгүүлчид зарим зүйлийг тодруулсан. 

-Хордлого гарсан салбарт ямар арга хэмжээ авсан бэ?

-Тус салбарт Зөрчлийн хэрэг нээж, салбарын үйл ажиллагааг түр зогсоож, Зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Зөрчлийн хэрэг нээн ажиллах явцад Зөрчлийн тухай хуулийн 6.14.4, 6.15.3.1, 6.15.2 дахь заалтын дагуу энэ салбарт 14 сая төгрөгийн торгууль ногдуулж, 8.5 сая төгрөгийн хууль бус орлогыг хураасан. Эрүүл мэндээрээ хохирсон 287 хүний нийт 49 сая 400 мянган төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн. Мөн сэжиг бүхий 18 нэр төрлийн 5960 ширхэг амталсан болон амтлаагүй тахиаг хурааж, устгасан. Ахуйн шавьж мэрэгч компаниар ариутгал хийлгэсэн. Салбарт ажиллаж байсан 28 ажилтныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан. Давтан шинжилгээгээр ямар нэгэн нян тээгч илрээгүй.

-Хордлого ямар нянгаар үүсгэгдсэн байна вэ?  

-Хордлого нэг эх уурхайтай шигелла нянгаар үүсгэгдсэн байсан. Хоол үйлдвэрлэлийн дамжлага болон ажилчдад эрүүл ахуйн зохистой дадал хэвшүүлээгүйгээс халдвар үүссэн.

-Зайсан дахь салбарын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон шийдвэр хэзээг хүртэл үргэлжлэх вэ?

-Бид шалгалт явуулж, зөрчлийг арилгуулж, өөрсдөөс шалтгаалах ажлаа хийсэн. Тус салбар цаашид ажиллах эсэхийг прокурор шийднэ.