С.Зоригийг хөнөөсөн гэх хэрэгтнүүдийг шалгаж байсан Тагнуулын хоёр ажилтанг баривчилжээ

Чингэлтэй  дүүргийн шүүхээс С.Зоригийн хэргийг шалгах ажлын хэсэгт ажиллаж байсан Н.Б нарыг 14 хоног баривчлах шийдвэр гаргажээ. Учир  нь С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял аваад байгаа хүмүүсийг гэмт хэрэгтэн болгохын тулд эрүүдэн шүүсэн үү гэх мэдээлэл тухайн үед зарим хэвлэлээр гарч байсан юм. Тэгвэл энэ мэдээллийн дагуу Цагдаа, Прокурор, Тагнуулын хамтарсан ажлын хэсэг гарч улмаар энэ хэргийг шалгаж байсан Тагнуулын хоёр ажилтанг саатуулах үндэслэлтэй гэж үзжээ. Ингэснээр шүүхээс тэднийг 14 хоног хорих шийдвэрийг гаргасан байна. 

Энд мэдээлэхэд энэ хэргийн гол буруутан хэмээн шүүхээс ял сонссон Б.Содномдаржаа болон Т.Чимгээгийн ар гэрийнхэн тэдэнд хилсээр хэрэгт гүтгэж байна хэмээн  удаа дараа  мэдэгдэж байсан. Ингэхдээ мөрдөн шалгах тэднийг хууль зөрчин эрүүдэн шүүсэн гэж байсан юм. Тэгвэл АТГ-аас энэ хэргийг мөн л  шалгаж байгаа. Учир нь Цагдаа, тагнуулын байгууллагын ажилтнуудыг шалгадаг, хариуцлага тооцдог байгууллага  өмнө нь Прокурорын  дэргэдэх Мөрдөн байцаах газар  байсан. Харин одоо энэ чиг үүрэг хуулиараа АТГ-т шилжсэн бөгөөд энэ дагуу АТГ-аас С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийнхэн хууль зөрчсөн эсэхийг нягтлан шалгаж байгаа аж.