SOS: Хүнийг үхэлд хүргэх аюултай шинэ төрлийн хар тамхи оруулж иржээ

Сүүлийн үед хар тамхитай холбоотой хэрэг цөөнгүй гарах болсон. Тухайлбал, манай улсад өмнө нь огт бүртгэгдэж байгаагүй шинэ төрлийн мансууруулах бодис улсын хилээр оруулж ирсэн бүлэг этгээдийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж эхэлжээ. УМБГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтэст байцаагдаж байгаа залуус хүнийг үхэлд хүргэх маш хүчтэй мансууруулах төрлийн бодисыг PC тоглоомын газарт зарж борлуулдаг байжээ. Тэд энэ бодисоо Япон улсаас хэрхэн яаж оруулж ирснийг тогтоохоор мөрдөн байцаалтын ажиллагааг хийж байна. Түүнчлэн саатуулагдсан таван залуугийн цуснаас шинжилгээ авахад канабисийн төрлийн бодис илэрсэн нь тогтоогдсон. Хуулийнхны мэдээлснээр тэдний хоёр нь их сургуулийн оюутнууд бол гурав нь эрхэлсэн тодорхой ажилгүй хүмүүс байсан аж. 

  • Тэгвэл цагдаа нар энэ сарын 13-ны 19:00 цагийн орчимд хүүхдийн 100 дугаар дэлгүүр орчимд цагаан өнгийн “Тоёота приус” маркийн автомашинтай Г.Дашням нарын гурван иргэнийг саатуулан шалгахад хар тамхи сэтгэцэд нөлөөлөх өвс ургамал хэрэглэсэн байж болзошгүй байжээ. Шалгалтаар сэжигтнүүдийн автомашинаас хар тамхи илрүүлж, нотлох баримтаар хураан авсан. Үзлэгийн үеэр тэдний халааснаас таван грамм орчим мансууруулах төрлийн бодис илэрчээ. Сэжигтнүүдээс биологийн дээж авч, шинжилгээнд явуулсан байна. Эл хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа юм.

  • Түүнчлэн Гаалийн ерөнхий газрын харъяа Улаанбаатар хот дахь гаалийн газар 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр БНАСАУ-аас МУ-ын иргэн “Н”-ийн нэр дээр төмөр замаар илгээсэн хувийн ачаа бүхий тээшинд 3200 ампул “Kumdang” гэх тариаг нууж, хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу холбогдох ажиллагааг хийж байна. Эм, эмнэлгийн хэрэгслийг импортлоход эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд холбогдох бичиг баримтыг бүрдүүлсний дагуу гаалийн бүрдүүлэлт хийж оруулдаг тул зохих зөвшөөрөлгүй хувь хүн, хуулийн этгээд улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болохыг гаалийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.