Бүгд Найрамдах Казахстан улсын иргэн М.Марат нь Монгол Улсад 100 хувийн хөрөнгө оруулалтаар “Жи Тайм” компанийг үүсгэн байгуулсан. Уг компаниар дамжуулан  Монгол Улсад олон шатлалт пирамид хэлбэрээр бизнес явуулж, олон мянган хүнийг элсүүлж мөнгө угаах аргаар залилан хийсэн болохыг цагдаагийн байгууллагаас тогтоосон. Тэгвэл Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал өнгөрсөн баасан гарагт энэ хэргийн талаар мэдээлэл өгсөн. Тэрбээр манай цагдаагийн байгууллага “Жи тайм” сүлжээний хэргийг шалгаж байна. Тус сүлжээнд элссэн 11.734 иргэн цагдаагийн байгууллагад хандаж хохирсон гэж мэдүүлэг өгсөн. Энэ сүлжээг үүсгэн байгуулсан Казахстан улсын иргэн М.Марат нь хэргийг мөрдөн шалгах явцад оргон зугтааснаас хойш өнөөдрийг хүртэл олдоогүй байна. Үүнээс болж мөрдөн байцаалтын явц болон хохирлыг барагдуулах ажил удааширч байгаа. Энэ хэрэгт 6.9 тэрбум, 400 сая төгрөгөөр үнэлэгдэх авто машин гурван тэрбумын үнэт эдлэлийг хохирлыг барагдуулах зорилгоор мөрдөн байцаах шатанд битүүмжилсэн. Мэдүүлэг өгсөн иргэдийн хувьд 26 орчим тэрбумын хохирол гарсан гэх тооцоо гарсан. Хохирсон иргэдийн олонхи нь мөнгөө аваагүй хэмээсэн юм. 

Ямартай ч М.Маратыг 2017 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр “Чингис  хаан” олон улсын нисэх буудлаас хил гарах гэж байхад нь баривчлан саатуулсан юм. Гэвч хэргийн холбогдогч уг этгээд мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан бөгөөд одоогоор олдоогүй байгаа аж. Мөн түүнийн Интерполоор эрэн сурвалжилж, эрх зүйн харилцан туслалцах гэрээтэй орнууд руу прокурорын байгууллагаар хүсэлтээ тавьж тэнд байгаа эсэхийг шалгуулж байгаа аж. Түүнчлэн энэ хэрэгт холбогдуулан 6,9 тэр бум төгрөг,  400 сая төгрөгийн үнэтэй автомашин,  3 тэрбум төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг хохирогчдын хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжилсэн байгаа бөгөөд битүүмжилсэн эд зүйлсийг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлэх талаар Нийслэлийн прокурорын газар, УЕПГ, Дүүргийн шүүх, Дээд шүүхэд санал хүргүүлээд байгаа ажээ.