“Екатеринбург-2019” Их дуулга тэмцээнд манай 20 жүдоч хүч үзнэ

Жүдо бөхөөр дэлхийд тэргүүлэгч гүрэн ОХУ-ын Екатеринбург хотноо IJF-ийн энэ оны гурав дахь “Их дуулга” тэмцээн эхлэхэд нэг хоног үлдлээ. Энэхүү тэмцээнд түрүүлсэн тамирчин чансаагаа 1000 оноогоор ахиулах бол мөнгөн медальтан 700, хүрэл медаль 500, 5-р байр 360, шилдэг наймд шалгарвал 260, 1/16 шигшээ 160, 1/32 шигшээ 120, нэг ялалт авбал 100, оролцсон тамирчин бүр 10 авах учиртай. Манай улсаас энэхүү тэмцээнд нийт 20 жүдоч хүч үзэх бөгөөд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат тамирчин Одвогийн Балжинням, дасгалжуулагч Лувсанцэрэнгийн Лувсандэмбэрэл нарын удирдлагад хүч үзнэ. Маргааш тэмцээний эхний өдөр эрчүүдийн -60, -66, эмэгтэй -48, -52, -57 кг-ын жингийн барилдаанууд болох бол бямба гаригт эрэгтэй -73, -81, эмэгтэй -63, -70 кг-ын жингийн медальтнууд тодроно. Харин ням гаригт эрэгтэй -90, -100, +100, эмэгтэй -78, +78 кг-ын жингийн барилдаануудтай. Тэмцээний тойргийн барилдаанууд Улаанбаатарын цагаар 14:00 цагт эхлэх бол медалийн төлөөх барилдаанууд 20:00 цагаас явагдана. Тэмцээний хэсгийн барилдаануудыг http://judolive01.lb.judobase.org/live/ цахим хаягаар та бүхэн хүлээн авч үзэх боломжтой бол 20:00 цагаас SPS HD сувгаар шууд дамжуулан хүргэнэ. Өнөөдөр “Екатеринбург-2019” Гранд Слам тэмцээний суглаа болж маргааш барилдах манай тамирчид хэрхэн оноолт таарсаныг хүргье.

-48 кг: /21 жүдоч/

Энэ жингийн жүдочдыг олимп, дэлхийн аварга Аргентиний Паула Парето тэргүүлэн барилдах бөгөөд манай ОУХМ Эрдэнэцогтын Гэрэлмаатай хамт А хэсэгт багтсан байна. Манай тамирчин эхний тойрогтоо Испаний Лаура Мартинез Абелендатай барилдах бөгөөд ялсан тохиолдолд Аргентиний амьд домогтой шилдэг наймд шалгарахын төлөө хүч үзнэ. Харин Парисын “Их дуулга”-д 5-р байр, Обевартад түрүүлээд байгаа ОУХМ Ганбаатарын Наранцэцэг “D” хэсэгт эхний тойрогтоо Казахстаны Акмарал Науатбектэй учраа таарсан. Энэ бөхийг хожсон тохиолдолд Г.Наранцэцэг Испаний Жулиа Фигуэроатай шилдэг наймд шалгархын төлөө хүч үзнэ. Испани бүсгүй өнгөрөгч сард Дюссельдорфын Гранд Сламд Г.Наранцэцэгийг ялаад байгаа бөгөөд хэдхэн хоногийн өмнө Марракечийн Гран Прид түрүүлээд байгаа юм.

-52 кг: /18/

Энэ жинд цахиур хагалж байгаа Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын уугуул залуучуудын олимпийн мөнгөн медальт ОУХМ Лхагвасүрэнгийн Сосорбарам энэ удаад тэмцээний чансааг тэргүүлэгч эзэн орны хамгийн алдартай эмэгтэй жүдоч Наталья Кузютинатай учраа таарлаа. Л.Сосорбарам Европын цуврал дөрвөн тэмцээнд дараалан оролцохдоо 1 алт, 2 мөнгөн медаль хүртээд байгаа бол Н.Кузютина “Мастерс”-аас хүрэл медаль хүртснээс хойш тэмцээнд оролцоогүй байгаа. Тэдний ялсан нь шигшээ наймд шалгарах бөгөөд ялагдсан нь үзэгчдийн суудалд шилжнэ.

-57 кг: /23/

2017 оны залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Лхагватогоогийн Энхрийлэн энэ удаад Тайваний Лин Чен-Линтэй эхний даваанд учраа таарлаа. Тайвань бүсгүй “Рио-2016” олимпийн наадмын тавдугаар байрын шагналтай бөгөөд өнгөрөгч амралтын өдрүүдэд Мароккогийн Маррекеч хотноо зохион байгуулагдсан Гран При тэмцээнд түрүүлээд байгаа. Тэд өмнө огт учраа таарч байгаагүй бөгөөд ялсан нь шилдэг наймд шалгарна.

-60 кг:/29/

Манай жүдочдын хамгийн өндөр амжилт үзүүлдэг энэхүү жинд “Женко” клубийн тамирчин залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Лхагважамцын Өнөболд хүч үзнэ. Тэрбээр эхний тойрогтоо Мароккогийн Иссам Бассоутай барилдах бөгөөд ялсан тохиолдолд шилдэг наймд шалгарахын төлөө Азийн наадмын хүрэл медальт Тайваний Ян Юүн-Вэй, Бельгийн Хорре Верстраетен нарын ялсантай хүч үзнэ. Энэ хэсгийг олимпийн мөнгө, дэлхийн аварга Казахстаны Елдос Сметов тэргүүлэн барилдаж байгаа. Хэрвээ манай бөх шилдэг 8-д шалгарвал Е.Сметовтой хүч үзэх магадлалтай. Е.Сметов “Мастерс”-аас хүрэл, Парисаас мөнгөн медаль хүртсэн бөгөөд Екатеринбургт аваргаа хамгаалахаар иржээ.

-66 кг: /29/

Энэ жинд манай улсаас оюутны Универсиад наадмын мөнгөн медальт ОУХМ Баттогтохын Эрхэмбаяр ганцаараа өрсөлдөх бөгөөд А хэсэгт эхний тойрогтоо Туркын Синан Сандалтай учраа таарсан. Тэрбээр өрсөлдөгчөө ялбал тэмцээний чансааг тэргүүлэгч Израйлын Барух Шмайловтой шилдэг наймд шалгарахын төлөө хүч үзнэ.

Тэмцээний эхний өдрийн барилдаануудыг доорх хаягаар мөн хүлээн авч үзэх боломжтой!!!