Ц.Элбэгдорж дахин зангиагаа зүүж, гутлаа тослохыг хүсэв

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж цензургүй ярихад бэлэн байгаагаа цахим орчинд “тунхаглав”.  Муу л бол хойд уулын хар овоохой гэгчээр сүүлийн үед Эбэгүй зүйл байхаа болив. Өчигдөр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцсон Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх ч мөн түүнтэй холбоотой хэд хэдэн асуудлыг ярьсан нь мань хүнд таалагдаагүй бололтой.

Тухайлбал, Л.Гансүх экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Н.Алтанхуягийг Ерөнхий сайд болоход байнгын дарамтад байлгадаг байсан хэмээн ам алдсан юм. Тэр бүү хэл, Ц.Элбэгдорж “Ийм эрх мэдэлгүй Л.Гансүхийг шоронд оруулж байхад та нөхөд яршиг шүү. Гишүүд ээ, Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас буулгахад та нар зүгээр кнопоо дараарай” гэсэн юм байх. Мөн АТГ-аас Л.Гансүх 3.6 тэрбум төгрөгийг улсын төсвөөс идсэн нь аудитаар тогтоогдсон гэх хэвлэлийн бага хурлыг наадмын өмнө хийлгэж, олныг ярих юмтай байлгасан ажээ.

Түүнчлэн Л.Гансүхийг хэрэг хийгээгүй Д.Дорлигжав мэдэж байсан ч арын өрөө рүүгээ оруулж,суултуурынхаа усыг гоожуулангаа “Чи Н.Алтанхуягийг Ц.Элбэгдоржтой тохиролцуулахаас өөр аргагүй ээ, Л.Гансүх ээ” гэсэн. Юу тохиролцуулах юм гэхэд “Н.Алтанхуягт очиж хэл л дээ” гэхээр нь “Чи тэгээд ус гойжуулдаг нь яадаг юм” гэхэд “Б.Хурц намайг чагнаад байгаа юм аа” хэмээжээ.

Мөн Л.Гансүх “АТГ Ц.Элбэгдоржийн шууд удирдлагаар Ерөнхий прокурорыг чагнадаг байгууллага байсан. Яагаад ийм юм болсон гэхээр прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг хуулийн бүх байгууллагыг барьдаг байгууллага болгочихсон байсан. Өөрөөр хэлбэл, Ц.Элбэгдорж, Б.Хурц хоёр бүх зүйлийг атгаж байсан гэсэн үг” хэмээсэн нь өнөөх хонгилыг үүсгэсэн эзэн нь Эбэ гэдгийг хэлж байгаа бололтой юм.

Ийнхүү Л.Гансүхийн амнаас гарах авиа бүрт Ц.Элбэгдоржийн нэр дурьдагдсан тул мань хүн дуугүй өнгөрч чадсангүй. Ямартаа “Цензургүйд оролгүй хоёр жил болж байна. Уг нь жил бүрийн хавар уулзаж байя гэж тохиролцсон юм. Миний тухай ярина. Намайг оруулахгүй. Шударга биш болчих гээд байх шиг. Мөнхбаясгалаан шууд, цензургүй, өчигдрийнх шиг цаг сунгаад нэг сууя. Удирдлагатайгаа ярилцаад хэлээрэй. Би гүйгээд очно” хэмээжээ.

эх сурвалж:buzznews.mn