Хөгжлийн банкнаас М.Энхболдын хүмүүсийг шахаж оронд нь У.Хүрэлсүхийн фракцийнхан очино

Эрх баригч намын удирдлагууд Хөгжлийн банкны удирдлагыг ойрын хугацаанд шинэчлэнэ гэсэн мэдээлэл Тусгаар тогтнолын ордонд яригдаад багагүй хугацаа өнгөрч байгаа. Тэгвэл Монгол Улсын хөгжлийг түргэтгэх зорилготой гэх Хөгжлийн банкы захирал Б.Батбаярын оронд томилогдох хүний нэр тодорчээ. Эх сурвалжийн мэдээлснээр банкир нь үнэн ч улс төрийн хүрээнд төдийлөн танигдаагүй атлаа М.Энхболд гэдэг хүний буянаар энэ том албыг хашиж байгаа гэх Б.Батбаярын оронд У.Хүрэлсүхийн ойрын шадруудын нэг болох УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн итгэлт хүн очихоор болсон аж. Мөн МАН доторх фракциуд энэ асуудал дээр зөвшилцөж, тохироо л хийхгүй бол шинэ удирдлагын томилгоо тун удахгүй болно гэдгийг эх сурвалжууд хэлж байгаа юм.  

Хэрэв энэ томилгоо болбол М.Энхболдын хүн гэгдээд байгаа тус банкны одоогийн удирдлага хүндхэн нөхцөл байдалд орох нь тодорхой болоод байгаа юм. Учир нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ тамгаа гардан авсан даруйдаа тус банкийг зорьсон. Улмаар тус банкны үйл ажиллагаанд шалгалт оруулж, 30 хоногийн дотор үр дүнг хэлэлцэхээ мэдэгдсэн. Ингэхдээ татан төвлөрүүлсэн бонд, тэр дундаа Чингис, Самурай бонд, дотоодын эх үүсвэр болон гаргасан баталгаа, батлан даалтын эргэн төлөлт ямар байгаа, төсөл хөтөлбөрийн сонгон шалгаруулалт, санхүүжилт, зээлийн эргэн төлөлтийн түвшин, Хөгжлийн банкны өнөөгийн байдал, цаашид учирч болзошгүй эрсдэл зэрэг чиглэлээр шалгалтын ажил хийхээр болсныг дуулгаж байсан. Тэгвэл Л.Оюун-Эрдэнэ сайдын тус банкийг шалгахаар ийн шуурхайлсан нь учиртай бөгөөд тодруулбал, сүүлийн үед дуулиан тариад байгаа тусгай сангууд шиг их хөрөнгийн зарцуулалттай үйл явдал тус банкинд бий гэх. Хамгийн гол нь дээрх тусгай сангуудын мөнгө нь ЖДҮХС-гийн мөнгөний дэргэд жин дарахаар их тоо гэдгийг зарим эх сурвалж онцолж байгаа. Мөн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр энэ мэтчилэн тус банкны өмнөх удирдлагаас дутуугүй хуудуутай гүйлгээ, зарцуулалт хийсэн гэх мэдээлэл байгаа бөгөөд үүнд тус банкны гадаад дотоод томилолт, хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэрээ, зарим зардал зэрэг ч орж байгаа аж. Юутай ч энэ тухай Л.Оюун-Эрдэнэ сайд “Хөгжлийн банк хоёр чиг үүрэгтэй. Эхнийх нь эдийн засгийг төрөлжүүлэн солонгоруулах. Энэ үүргээ биелүүлж чадаж байна уу, эсвэл улстөрчдийн лоббинд орсон уу” гэдгийг нягтална хэмээж байсан. Тэгвэл тэрбээр энэ үгийг зүгээр ч нэг хэлээгүй гэдэг нь удахгүй тодорхой болох нь.