Д.Эрдэнэбат: Хаврын чуулганы эхэнд УИХ дахь АН  бүлэг үйл ажиллагааг дуусгавар болгоно

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 03-нд  АН-ын Үндэсний дүрмийн хороо  хуралдаж, УИХ-ын гишүүн Л.Болдыг намынхаа бодлогын эсрэг ажилласан хэмээн улмаар улс төрийн сонгуульд өрсөлдөх эрхийг дөрвөн жилээр хасах шийдвэр гаргасан.  Энэ шийдвэрийн дараа УИХ-ын гишүүн Л.Болд АН-ын бүлгээс гарах хүсэлтээ хүргүүлсэн ч энэ асуудлыг УИХ-ын даргад танилцуулаагүй байсаар намрын чуулган завсарласан юм.

Тэгвэл УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ хаврын ээлжит чуулганы эхэнд УИХ дахь АН  бүлгийнхээ  үйл ажиллагааг дуусгавар болгох тухайгаа УИХ-ын даргад мэдэгдэнэ гэдгээ албан ёсоор хэллээ. Тэрбээр энэ тухайгаа "Л.Болд гишүүн өөрийнхөө сонголтыг хийсэн байна. Бид үүнд хүндэтгэлтэй хандана. Бүлэг байхгүй боллоо гээд АН байхгүй болчих юм биш. Сөрөг хүчин хэвээрээ байна. Үйл ажиллагаагаа явуулдгаараа явуулна. Зөвлөлийн хэлбэрт шилжинэ. Гэхдээ бидэнд ганц боломж алдагдах нь завсарлага л авах боломжгүй болж байгаа юм" гэсэн.